Өмнөговь аймгийн Ханбогд суманд шинэ сургууль, цэцэрлэг ашиглалтад орлоо

Өмнөговь аймгийн ЗДТГ-аас санаачилсан төслийн дагуу “Оюу Толгой” компани санхүүжүүлэн Өмнөговь аймгийн Ханбогд суманд 640 хүүхдийн багтаамжтай сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг бариулж, иж бүрэн тохижуулан хүлээлгэн өглөө.

Хичээлийн 29 ангитай сургууль, 8 ангитай цэцэрлэгт орчин үеийн стандарт шаардлагад бүрэн нийцсэн, хичээл сургалтаа явуулахад шаардлагатай бүхий л тоног төхөөрөмж, тавилга хэрэгслүүдийг байршуулж, иж бүрэн тохижуулсан байна. Тус цогцолборыг барьж, тохижуулж, олон улсын сургалтын менежментийг нутагшуулахад нийт 7.2 тэрбум төгрөг зарцуулжээ.

Цогцолборын барилгыг барьж гүйцэтгэх өртөг 6.1 тэрбум төгрөг бол тоног төхөөрөмж, менежментийн зардал 1.1 тэрбум төгрөг болсон байна. Менежментийн зардлыг мөн “Оюу Толгой” компанийн санхүүжилттэй “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан” бүрэн дааж байгаа аж.