Өмнөговь аймгийн Мандал-Овоо сум эрүүл мэндийн төвийн шинэ барилга ашиглалтад орууллаа

“Оюу толгой” компанийн санхүүжилттэй “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан” ээлжит төслөө амжилттай хэрэгжүүлж, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумд 1.2 тэрбум төгрөгөөр эрүүл мэндийн төвийн шинэ барилга ашиглалтад орууллаа.
 
Арван ор бүхий хоёр давхар шинэ эмнэлэг нь дулаан хангамж, цэвэр,бохир ус, холбооны инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдсоноос гадна цахилгаан тасарсан үед автоматаар ажиллах нөөц мотортой. Граж болон моргийн туслах барилгуудтай. Төрөх болон мэс заслын өрөөнүүдийн дотор заслыг орчин үеийн стандартын шаардлагад нийцүүлэн шийдсэн тул жижиг хэмжээний мэс ажилбарыг Мандал-Овоо сумд хийх боломжтой болсон юм.
 
Шинэ эрүүл мэндийн төв ашиглалтад орсноор сумын иргэдэд орчин үеийн стандартад нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх боломж бүрдэж байгаагаас гадна орон нутаг дахь нийгмийн дэд бүтцэд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт болж байна.