“Бид нэг гэр бүл” нээлттэй өдөрлөг

“Оюу толгой” компани Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо, Манлай сумын Засаг Даргын Тамгын Газартай хамтран тус сумдад энэ сарын 10-12-ны өдрүүдэд “Бид нэг гэр бүл” нээлттэй өдөрлөг зохион байгууллаа. “Оюу толгой” компани орон нутгийн удирдлага, ард иргэдтэй бүх түвшинд тогтмол харилцаж, компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааны талаар сүүлийн үеийн мэдээллийг “Нээлттэй өдөрлөг”-ийн үеэр танилцуулдаг онцлогтой.

2015 онд эдгээр сумтай байгуулсан “Хамтын ажиллагааны гэрээ”-ий хүрээнд “Оюу толгой” компани өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан”-гаар дамжуулан Өмнөговь аймгийн хэмжээнд нийт 45.8 тэрбум төгрөгөөр 163 төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэн, амжилттай хэрэгжүүлээд байна. Эдгээр төсөл хөтөлбөрийн үр дүнд Өмнөговь аймагт 391 ажлын байр шинээр бий болж, төсөл хөтөлбөрийн үр шимийг давхардсан тоогоор 390 мянга гаруй орон нутгийн иргэд хүртсэн байна.

Ханбогд сумд болсон нээлттэй өдөрлөгийн үеэр “Ханбогд Тээвэр Ложистик” ХХК, “Вандан толгой” ХХК, “Уудам Говийн Гэрэл” ХХК, “Ханбогд Соурс” ХХК зэрэг компанитай экспортын тээвэрлэлт болон бусад хангамжийн материалыг худалдан авах чиглэлээр хамтран ажиллах түншлэлийн гэрээ байгууллаа. Мөн “Оюу толгой” компанийн санхүүжилтээр барьж, иж бүрэн тохижуулсан Ханбогд сумын 2 дугаар сургуультай “Оюу толгой” компани Байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар мэдлэг олгох хөтөлбөр хэрэгжүүлэхээр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.