Монгол Улсын Засгийн газар, "Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед", “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК (одоогийн “Оюу Толгой” ХХК), "Айвенхоу Майнз Лимитед" компаниудын хооронд Оюу Толгойн зэс, алтны ордыг ашиглах "Хөрөнгө оруулалтын гэрээ"-г 2009 онд, “Эрдэнэс МГЛ” ХХК (одоогийн “Эрдэнэс Монгол” ХХК), Айвенхоу Оюу Толгой (БиВиАй) Лтд, Оюу Толгой Нидерланд Би.Ви, Айвенхоу Майнз Монголия Инк XXK зэрэг хувь нийлүүлэгч талуудын хооронд "Хувь нийлүүлэгчдийн гэрээ"-г 2009 онд, “Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон Хувь нийлүүлэгчдийн гэрээ”-г  2011 онд тус тус байгуулан ажиллаж байна.

Дээрх гэрээ байгуулагдсанаар төсөл хэрэгжүүлэгч "Оюу Толгой" ХХК-ийн нийт хувьцааны 34 хувийг Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн төрийн өмчит "Эрдэнэс МГЛ" ХХК (одоогийн “Эрдэнэс Монгол” ХХК) эзэмших болсон бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 348 дугаар тогтоол болон "Эрдэнэс МГЛ" ХХК (одоогийн “Эрдэнэс Монгол” ХХК)-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2011 оны 28 дугаар тогтоолуудаар төрийн өмчит "Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн охин компани хэлбэрээр үүсгэн байгуулж "Оюу Толгой" ХХК-ийн төрийн эзэмшлийн 34 хувийг албан ёсоор шилжүүлэн авч үйл ажиллагаагаа явуулж байна.

"Эрдэнэс Оюу Толгой" компанийн үндсэн зорилго нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын Оюу толгой ордод үйл ажиллагаа явуулж буй “Оюу Толгой” ХХК-ын төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшиж, хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх явдал юм.

"Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийн удирдлагын бүтэц нь Хувьцаа эзэмшигчийн хурал, Гүйцэтгэх удирдлага байна.

Компанийн эрх барих дээд байгууллага нь Хувьцаа эзэмшигчийн хурал байх бөгөөд Хувьцаа эзэмшигчийн хурлын бүрэн эрхийг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал хэрэгжүүлж байна.