Төслийн тухай

Оюу Толгой зэс-алтны бүлэг ордуудын геологийн тогтоц: Оюу толгойн зэс-алтны орд нь дараах гурван үндсэн хэсгээс бүрддэг. Үүнд: Оюутын бүлэг орд (Өмнөд Оюу, Баруун Өмнөд Оюу, Төв Оюу, холбоос) Хюго Дамметын бүлэг орд (Өмнөд Хюго, Хойд Хюго) болон Херуга орд (Зураг 2). Оюу толгойн зэс-алтны бүлэг ордуудын шинэчлэгдсэн нөөцийг Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/10 тушаалаар Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн нэгдсэн тоо бүртгэлд бүртгэн авсан.  Оюу толгойн бүлэг ордын хайгуулын ажлыг зохих арга аргачлалын дагуу хийж, нөөцийг нь дахин тооцоолсноор 2014 оны байдлаар нийт баттай, бодитой болон боломжтой (A+B+C) зэргийн нөөцийг 6,435,249 мян.тн хүдэрт 0,69%-ийн дундаж агуулгатай зэс (зэсийн дүйцүүлсэн агуулгыг дунджаар 0,88%)-ийг 44,428 мян.тн-оор, 0,30 г/тн—ын дундаж агуулгатай алтыг 1,903 тн-оор, 1.85 г/тн-ын дундаж агуулгатай мөнгийг 11,896 тн-оор, 120г/тн-ын дундаж агуулгатай молибденыг 205 мян.тн-оор тооцоолж, урьдчилан үнэлсэн баялаг (P1)-аар 309,178 мян.тн хүдэрт 0,45%-ийн дундаж агуулгатай зэс (зэсийн дүйцүүлсэн агуулгыг 0,55%)-ийг 1,399 мян.тн-оор, 0,17г/тн-ын дундаж агуулгатай алтыг 51 тн-оор, 0.90 г/тн-ын дундаж агуулгатай мөнгийг 277 тн-оор тооцсоныг 2015 онд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хүлээн авсан ба энэхүү нөөцөд орсон өөрчлөлтийн дагуу техник-эдийн засгийн үндэслэлд нэмэлт тодотгол хийсэн.