Өмнийн говийн бүсэд (Өмнөговь) төслийн талбайтай ойр байрлах хэд хэдэн төв суурин газрууд байдаг. Тэдгээрээс хамгийн том нь болох Оюу толгой төслийн талбайгаас баруун хойш 220 км-т орших, 26,386- хүн ам (2019 оны сүүлийн байдлаар)-тай Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын хувьд хүн эмнэлэг, техникийн коллеж, ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль, орон нутгийн нисэх онгоцны буудал, 6 МВ-ийн хүчин чадалтай нүүрсний цахилгаан станцтай. Ханбогд сум Оюу толгойн уурхайгаас зүүн зүгт 35 км-т орших бөгөөд 8,718 хүн амтай (2019 оны сүүлийн байдлаар). Ханбогд сумын хүн ам сүүлийн арван жилд 1.7 дахин өссөн. Оюу Толгой компани хөрш зэргэлдээх сум орон нутгийн хүн амын шилжилт хөдөлгөөн, хүн амын бодит өсөлтийг зохицуулах, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг хангах, сайжруулах талаар засгийн байгууллагуудтай хамтран ажилладаг. Оюу Толгой компанийн санхүүжилтээр Ханбогд суманд цахилгаан эрчим хүчний сүлжээ, ундны усны шугам сүлжээ, сумын төвд давхар хучилттай зам, сургууль цэцэрлэгийн комплекс, сургуулийн дотуур байр, шүдний эмнэлэг, хог хаягдлын байгууламж, нийтийн цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай зэрэг нийгмийн суурь үйлчилгээний барилга байгууламжийг барьж байгуулах төслүүд хэрэгжлээ. 2019 онд Оюу толгой-Ханбогд сумын хоорондох хатуу хучилттай зам ашиглалтанд орсон. Мөн Ханбогд сумын Ерөнхий төлөвлөгөөний тодотгол хийх ажлыг Оюу Толгой компани санхүүжүүлээд байна. 2015 оноос эхлэн Оюу Толгой компани Өмнөговь аймгийн нийгэм эдийн засгийн хөгжлийг дэмжихэд зориулж жил бүр 5 сая ам.долларын санхүүжилтийг Хамтын ажиллагааны гэрээний дагуу Говийн Оюу хөгжлийг дэмжих санд олгож байна. 2015-2019 онуудад Говийн Оюу хөгжлийг дэмжих санд нийт 22 сая ам.долларын санхүүжилт хийж, 169-н нийгмийн болон бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. 2019 онд Оюу Толгой компани Нэгдсэн үндэсний байгууллагын Хүн амын сан (НҮБХАС) болон Үндэсний статистикийн хороо, Өмнөговь аймгийн засаг захиргаатай хамтран хийсэн Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны суурь судалгааны дүнгээс харахад, сүүлийн арван жилд тус аймагт нийгэм, эдийн засаг, байгаль орчны томоохон өөрчлөлтүүд гарсан байна. Ядуурлын түвшин 2018 онд 11.8 хувьд хүрч буурсан нь улсын түвшинд хамгийн бага үзүүлэлт байна. Өмнөговь аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн гурав дахин, аж үйлдвэрлэл 36 дахин өссөн байна. Эхийн эндэгдэл тэглэж, сургууль завсардалт 17 дахин, нялхсын эндэгдэл 6 дахин буурсан байна.