“Эрдэнэс Оюу толгой ХХК”-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат Оюу толгойд ажиллалаа

Эрдэнэс Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат 2022 оны 02 сарын 23-ны өдрөөс 26-ны өдрүүдэд Оюу толгойд ажиллаж Оюу толгойн гүний уурхай, ил уурхай, баяжуулах үйлдвэр, усан хангамжийн байгууламж, ус, хог хаягдлын дахин ашиглалт, боловсруулалт болон холбогдох дэд бүтцийн байгууламжуудын үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр “Оюу толгой” компанийн Гүний уурхайн төслийн захирал Жак Ван Тондер, Санхүү эрхэлсэн дэд захирал Б.Дуламсүрэн, Орон нутаг хариуцсан Ерөнхий менежер Г.Сугар, Рио Тинто компанийн Зэсийн группийн стратеги, өсөлт хөгжил хариуцсан захирал С.Мөнхсүх, Ханбогд сумын удирдлагууд болон тэдний баг бүрэлдэхүүн оролцлоо. Уулзалтын үеэр Эрдэнэс Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат тогтвортой олборлолт болон холбогдох төлөвлөсөн ажлууд цаг хугацаандаа хийгдэх, талууд нэгдсэн нэг ойлголттойгоор нэг баг болон ажиллах нь чухал гэдгийг онцлон Монгол Улсын засгийн газраас баримталж буй бодлого, байр суурийг илэрхийлж цаашдын хамтын ажиллагааны тухай ярилцаж тохирсон юм.