"Рио Тинто” групп “Туркойз Хилл Ресурс”-ийг 100% өөрийн болгох санал гаргажээ

Энэхүү санал хэрэгжсэн тохиолдолд:

  • “Оюу толгой” төслийн өмчлөл, засаглалыг илүү үр ашигтай болох
  • Зэсийн олборлолт урт хугацааны зорилтуудыг бататгах 
  • “Туркойз Хилл”-ийн хувьцааг нэг бүрийг нь 34 канад доллар буюу нийт 2.7 тэрбум ам.доллараар худалдан авах
  • “Туркойз Хилл”-ийн хувьцаа эзэмшигчдэд бэлэн мөнгөөр хувьцаагаа зарах зэрэг боломжууд бүрдэх юм.

Лондон- “Туркойз Хилл”-ийн 49 хувьд ногдох хувьцааг жижиг хувьцаа эзэмшигчдээс худалдан авах албан ёсны саналаа тус компанийн ТУЗ-д хүргүүлснээ “Рио Тинто” компани  мэдэгдлээ. “Туркойз Хилл”-ийн хувьцаа эзэмшигчдийн нэгж хувьцааг 34 канад доллараар үнэлэн авах санал гаргасан бөгөөд энэ нь нийт 2.7 тэрбум ам.доллар болж байгаа юм.

Энэхүү үйл явдал нь “Рио Тинто”, “Туркойз Хилл” болон Монгол Улсын Засгийн газар хооронд “Оюу толгой” төслийг урагшлуулах, түншүүдийн хоорондын харилцааг сэргээх, далд уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх тухай иж бүрэн хэлэлцээрийн үр дүнд гаргасан шийдвэр юм. “Рио Тинто” групп нь “Оюу толгой” төслийн 66%-ийг эзэмшиж эхэлснээр төслийн засаглал илүү энгийн болж, Монгол Улсын Засгийн газартай илүү үр дүнтэй хамтран ажиллах нөхцөл бүрдэх юм байна. 

“Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхол: “Оюу толгой” уурхай нь урт хугацаанд амжилттай ажиллаж, оролцогч талуудад үр өгөөжөө өгч, Монгол Улсын хөгжил дэвшилд тогтвортой хувь нэмэр оруулсаар байна гэдэгт итгэж байна. Ийм ч учраас бид “Оюу толгой” төсөлд өөрсдийн хувьцаа эзэмшлээ нэмэгдүүлж төслийн засаглалыг илүү энгийн болгох сонирхолтой байгаа билээ. “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцааг худалдан авах бидний санал нь бусад хувьцаа эзэмшигчдэд арилжааны таатай нөхцөл бүхий санал гэдэгт итгэлтэй байна. “Оюу толгой” далд уурхайн үйл ажиллагааг эхлүүлэн, Засгийн газартай тодорхой зөвшилцөлд хүрснээр бид хамтын ажиллагааны шинэ үеийг дахин эхлүүлж, Монгол Улсад урт хугацаанд тууштай ажиллах боломж бүрдсэн гэдгээ илэрхийлсэн билээ.

 

Эх сурвалж: wwww.financialnews.com