Хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилт, үр дүнг хэлэлцэх уулзалт боллоо

Өмнөговь аймаг, Ханбогд сум, “Оюу Толгой” ХХК-ийн хооронд 2015 оны 4 дүгээр сарын 22-нд Хөрөнгө оруулалтын гэрээ болон Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих, нөгөө талаар Оюу Толгой төслийн бүтээмж, үр ашиг, өсөлтийг дээшлүүлэх зорилготой “Хамтын ажиллагааны гэрээ”-г байгуулсан.

Тус гэрээнд заасны дагуу “Оюу Толгой” ХХК-ийн зүгээс жил бүр 5 сая ам.долларын санхүүжилтийг “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-гаар дамжуулан олгодог. “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан” нь Нийгмийн дэд бүтэц, Байгаль орчны менежмент, Нийгмийн суурь үйлчилгээ, Орон нутгийн бизнес, Уламжлалт мал аж ахуй, Усны менежмент, Үндэсний түүх соёл гэсэн үндсэн 7 чиглэлийн хүрээнд төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, тэдгээрийг үр ашигтай, зүй зохистой удирдах зохион байгуулах зорилготой байгууллага юм.

Энэхүү гэрээний хэрэгжилтэд “Гранд Торнтон” ХХК-ийн мэргэжлийн баг хөндлөнгийн үнэлгээ хийж гэрээний оролцогч талуудад үнэлгээний үр дүнг танилцуулсан байна. Үнэлгээний багаас өгсөн зөвлөмжид үндэслэн одоогийн нөхцөл байдалд дүгнэлт хийн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг сайжруулан ажиллах юм.