Эрдсийн экспорт дундаа зэсийн баяжмалын экспорт орлогоор тэргүүлж байна

Манай улсын гадаад худалдааны үзүүлэлт оны эхний гурван сарын байдлаар 3.63 тэрбум ам.долларт хүрсэн тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 3.1%-иар дээшилсэн үзүүлэлт болж байна. Энэ дотроо экспорт 1.94 тэрбум ам.долларт хүрсэн нь 2.9%-иар буурсан бол импорт 1.69 тэрбум ам.доллартай тэнцэж 11%-иар нэмэгджээ. Ингэснээр оны эхний гурван сарын байдлаар улсын нийт экспорт импортын дүнгээс 251.4 сая ам.доллараар давж, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарлаа.

Улсын нийт экспортын 89%-ийг зэсийн баяжмал, нүүрс, алт, төмрийн хүдрийн гадагш чиглэсэн худалдаа бүрдүүлсэн байна.

Эрдсийн экспорт дундаа зэсийн баяжмалын экспорт орлогоор тэргүүлж байна. Тодруулбал оны эхний гурван сарын байдлаар 334.8 мянган тонн зэсийн баяжмал экспортолж, 711 сая ам.долларын орлого олсон нь жингээр 6 орчим хувь, үнийн дүнгээр 14.5%-иар тус тус өссөн байна. Тунгаасан зэсийн тухайд харин экспорт 70 гаруй хувиар буурсан дүнтэй гарлаа. Гэхдээ гуравдугаар сарын сүүлийн хагаст цэвэр зэсийн экспорт харьцангуй өсөх хандлагатай болжээ.

Нүүрсний экспорт оны эхний гурван сарын байдлаар орлогын дүнгээр хоёрт эрэмбэлэгдэж 675.5 сая ам.доллартай тэнцлээ. Мөн хугацаанд манай улсын нүүрсний экспорт биет жингээр 2.5 сая тоннд хүрчээ. Энэ нь жингээр өмнөх оны мөн үеийнхээс 62%, үнийн дүнгээр 2 орчим хувиар тус тус буурсан дүнтэй гарсан гэсэн үг. Сарын дүнгээр авч үзвэл өнгөрсөн гуравдугаар сард манай улс 1.23 сая орчим тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойших хамгийн өндөр дүн боллоо. Гэсэн ч энэ дүн нь 2021 оны гуравдугаар сард 2.14 сая тонн нүүрс экспортолж байсантай харьцуулахад 43%-иар буурсан үзүүлэлт болж байна.

Орлогын дүнгээр алтны экспорт гуравдугаарт бичигдэж байна. Оны эхний гурван сарын байдлаар манай улс нийт 4.8 тонн алтыг 290 орчим сая ам.доллараар экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 11 дахин өссөн үзүүлэлт болж байна. Харин сарын дүнгээр авч үзвэл манай улс гуравдугаар сард 0.47 тонн алт экспортолжээ.

Төмрийн хүдрийн экспорт оны эхний гурван сард 620 орчим мянган тонноор илэрхийлэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс даруй 70%-иар буурсан дүнтэй гарчээ. Төмрийн хүдрийн экспортын биет жин сарын дүнгээр гуравдугаар сард 307 мянган тоннд хүрснээр ялимгүй сэргэх хандлага ажиглагдсан ч хэвийн үеийнхтэй харьцуулахад талд нь ч хүрэхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл төмөр замын тээвэрлэлт бүрэн хэмжээнд сэргээгүй байгаатай холбоотой.

Бусад эрдсийн бүтээгдэхүүний тухайд молибденийн баяжмалын экспортыг эс тооцвол бусад нь бууралттай байна. Газрын тосны экспортын тухайд өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш өдийг хүртэл ямар нэг худалдаа хийгдээгүй бөгөөд энэ нь багагүй хэмжээний орлого хумигдах нөхцөл болж байна. 2021 оны эхний гурван сарын байдлаар манай улс нийт 1.42 сая баррель нефтийг 78.4 сая ам.доллараар экспортолжээ.

Эх сурвалж: mongolianminingjournal.com