Монгол Улсын нийт экспортын 89%-ийг эрдэс баялгийн салбар бүрдүүлж байна

Манай улсын гадаад худалдааны үзүүлэлт оны эхний гурван сарын байдлаар 3.63 тэрбум ам.долларт хүрсэн тухай Гаалийн ерөнхий газраас мэдээлсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 3.1%-иар дээшилсэн үзүүлэлт болж байна. Энэ дотроо экспорт 1.94 тэрбум ам.долларт хүрсэн нь 2.9%-иар буурсан бол импорт 1.69 тэрбум ам.доллартай тэнцэж 11%-иар нэмэгджээ. Ингэснээр оны эхний гурван сарын байдлаар улсын нийт экспорт импортын дүнгээс 251.4 сая ам.доллараар давж, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарлаа.

Монгол Улсын нийт экспортын 89%-ийг зэсийн баяжмал, нүүрс, алт, төмрийн хүдрийн гадагш чиглэсэн худалдаа бүрдүүлсэн байна.

Эрдсийн экспорт дундаа зэсийн баяжмалын экспорт орлогоор тэргүүлж байна. Тодруулбал оны эхний гурван сарын байдлаар 334.8 мянган тонн зэсийн баяжмал экспортолж, 711 сая ам.долларын орлого олсон нь жингээр 6 орчим хувь, үнийн дүнгээр 14.5%-иар тус тус өссөн байна. Тунгаасан зэсийн тухайд харин экспорт 70 гаруй хувиар буурсан дүнтэй гарлаа. Гэхдээ гуравдугаар сарын сүүлийн хагаст цэвэр зэсийн экспорт харьцангуй өсөх хандлагатай болжээ.

Нүүрсний экспорт оны эхний гурван сарын байдлаар орлогын дүнгээр хоёрт эрэмбэлэгдэж 675.5 сая ам.доллартай тэнцлээ. Мөн хугацаанд манай улсын нүүрсний экспорт биет жингээр 2.5 сая тоннд хүрчээ. Энэ нь жингээр өмнөх оны мөн үеийнхээс 62%, үнийн дүнгээр 2 орчим хувиар тус тус буурсан дүнтэй гарсан гэсэн үг. Сарын дүнгээр авч үзвэл өнгөрсөн гуравдугаар сард манай улс 1.23 сая орчим тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойших хамгийн өндөр дүн боллоо. Гэсэн ч энэ дүн нь 2021 оны гуравдугаар сард 2.14 сая тонн нүүрс экспортолж байсантай харьцуулахад 43%-иар буурсан үзүүлэлт болж байна.

Эх сурвалж: ГЕГ