Говийн бүсийн уул уурхайн нэгдсэн чуулган эхэллээ

"Өмнөговь аймаг ба говийн бүсийн уул уурхай, ил тод байдал" сэдэвт нэгдсэн чуулга, уулзалт Даланзадгадад эхэллээ. Тус чуулган хоёр өдрийн турш үргэлжлэх юм. Нэгдсэн чуулганы гол зохион байгуулагчаар Өмнөговь аймгийн ЗДТГ ажиллаж байна. Өмнөговь аймгийн бүх сумын удирдлага, ЗДТГ-ын харъяа байгууллагууд болон говийн бүсэд уул уурхайн төсөл хэрэгжүүлж буй компаниудын төлөөлөл энэхүү чуулганд оролцож байна.

Чуулганы хүрээнд Төрөөс эрдэс баялгийн салбарт баримталж буй бодлого, хууль эрх зүйн орчны хэрэгжилт, салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал солилцох, Ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулах, байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжлийг хангах чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ байгуулах, Уул уурхай, хүнд үйлдвэр, дэд бүтцийн төсөл болон уул уурхайн салбарын ил тод байдлын хүрээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар оролцогч талуудын ойлголцлыг нэгтгэж, шийдвэр гаргах, удирдах түвшний хүмүүст хүргэх, Чуулга уулзалт, сургалтаас гарсан санал, санаачилгыг нэгтгэн зөвлөмж боловсруулах юм.

Мөн чуулганы үеэр Өмнөговь болон говийн бусад аймгийн уул уурхайн компаниуд, тэдгээрийн ханган нийлүүлэгчдийн орон нутгийн хөгжлийг дэмжих зорилготой нээлттэй өдөрлөгийг Даланзадгад сумын Спорт цогцолборт зохион байгуулах юм. Үзэсгэлэнгийн үеэр орон нутгийн иргэд ажлын байранд анкет бөглөх, ярилцлаганд орохоос гадна уул уурхайн компаниудтай хэрхэн хамтран ажиллаж ханган нийлүүлэлт хийх талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой аж.

"Өмнөговь аймаг ба говийн бүсийн уул уурхай, ил тод байдал" нэгдсэн чуулганд УУХҮЯ, БОАЖЯ, ЭХЯ, ЗТХЯ, АМГТГ, АТГ болон Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын захиргаа, төмөр зам, авто замын төсөл хэрэгжүүлэгчид, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн, уул уурхай бүхий сумдын төлөөлөл оролцож байна.