Caving-2022 амжилттай зохион байгуулагдлаа

Caving 2022 хурал 08 дугаар сарын 30-ны өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Авсрали улсын Аделаид хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Тус хуралд Монгол Улсаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Эрдэнэс Оюу Толгой ХХК, Оюу Толгой ХХК, Далд уурхайн инженерүүдийн холбоо болон холбогдох хувийн хэвшлийн төлөөллүүд нийт 30 хүний бүрэлдхүүнтэйгээр оролцсон юм.

Энэхүү арга хэмжээ нь 2007 онд Өмнөд Африкийн Кейптаун хотод, 2010 онд Австралийн Перт хотод, 2014 онд Чилийн Сантьяго хотод, 2018 онд Канад улсын Ванкувер хотод тус тус болж өнгөрсөн бол энэ жил Баруун Австралийн Их Сургуулийн ашгийн бус уул уурхайн судалгааны байгууллага болох Австралийн Геомеханикийн төвөөс зохион байгуулж олон улсын тэргүүлэгч уул уурхайн томоохон компанийн төлөөлөл бүхий нийт 500 гаруй мэргэжилтнүүдийг хамарсан байна.

Caving 2022 нь блокоор болон дэд давхаргаар нураан олборлох ашиглалтын системүүдийг ашиглаж буй томоохон уул уурхайн компаниудын хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшил, аж үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний байгууллагуудын хийж буй судалгааны үр дүнгийн талаар мэдээлэл солилцон ажилладаг 4 жилд нэг удаа зохион байгуулагддаг, өргөн хүрээг хамарсан дэлхийн уул уурхайн томоохон чуулга уулзалтын нэг юм.

Блокоор нураан олборлох ашиглалтын системийг Оюу Толгой төслийн далд уурхайд ашиглаж байгаа бөгөөд Рио Тинто тэргүүтэй олон жилийн түүхтэй дэлхийн томоохон уул уурхайн компаниуд өөрсдийн туршлагаа салбарын мэргэжилтнүүдэд танилцуулсан нь тус хурлын онцлог байлаа.