Ханбогд - Оюу Толгой чиглэлийн замын нээлт боллоо

Өмнөговь аймгийн Ханбогд сум, Оюу Толгойг холбосон 35.1 км замын нээлт 2019 оны 02-р сарын 19-ний өдөр боллоо. Энэ зам ашиглалтад орсноор Оюу Толгойн уурхайд ажилладаг Өмнөговийн иргэд ажилдаа явах, гэртээ харихдаа аюулгүй, тав тухтай зорчих болж байна.

“Оюу Толгой” ХХК 46 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн байгуулсан тус замыг Улсын комисс өнгөрсөн арванхоёрдугаар сарын 24-нд хүлээн авсан бол 2019 оны 02-р сарын 19-ний өдөр нээлтийг нь хийлээ.

Хоёр жил гаруй үргэлжилсэн замын ажлын гүйцэтгэгчээр үндэсний 26 компани ажилласнаас “Арж зам”, “Анандын зам”, “Заг инженеринг”, “КАСМС” компаниуд голлон гүйцэтгэжээ. Удаа дараагийн үерээс болж, замын барилгын ажил явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн ч хүн хүч, техникийн хүртээмжийг нэмэгдүүлж, хугацаанд нь багтаан авто машин ашиглалтад орж чадсан байна. Ид ачааллын үед төслийн талбайд өдөрт 550 гаруй ажилчин, 171 машин механизм ажиллаж 2800м хүртэл асфальт бетон дэвсэж ажилласан нь Монголдоо тэргүүлэх үзүүлэлт болжээ.