УУЛ УУРХАЙН ДЭРГЭДЭХ ХОТ СУУРИН ГАЗРУУДЫН ХӨГЖЛИЙН АСУУДЛУУД

Уул уурхай эдийн засгийн голлох салбарын хувьд үүнийг дагаад хот, суурин газар хэрхэн хөгжих вэ гэдэг нь хот төлөвлөгч, орон нутгийн анхаарлын төвд орсоор байна. Тэгвэл уул уурхайн бүс нутаг гэгдэх Говийн бүсийн хөгжлийн боломж, үүнд сумдын хувь нэмэр, үүрэг оролцоо ямар байх талаар Бодлого боловсруулагчид, Олон улсын байгууллага, Орон нутгийн төлөөлөл, ААН, байгууллагуудаас бүрдсэн 100 орчим төлөөлөл “Уул уурхайн дэргэдэх хот, суурин газруудын хөгжлийн асуудлууд” сэдвийн дор зөвлөлдлөө. 

Барилга, хот байгуулалтын яамнаас санаачлан Үндэсний статистикийн хороо, Үндэсний хөгжлийн газар, “Оюутолгой” ХХК-тай хамтран зохион байгуулсан уг хэлэлцүүлэгт 2018 онд хийгдсэн Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засгийн суурь судалгаанаас танилцуулж, Говийн бүсийн хөгжилд сумдын хувь нэмэр үүрэг оролцоо, Ханбогд сумын хөгжлийн стратеги төлөвлөлт ба Ерөнхий төлөвлөгөөний уялдаа, үүнд талуудын үүрэг оролцоо сэдвээр хэлэлцүүлэг өрнөж талууд байр сууриа илэрхийлэн, санал бодлоо солилцсон юм.

Анх удаагаа уул уурхайн дэргэдэх хот, суурин газруудын хөгжлийн асуудлыг олон талын оролцоотойгоор зохион байгуулж байгаа нь энэ бөгөөд хэлэлцүүлгийн дүнд талууд нэгдсэн нэг ойлголттой болж, нэг зорилго, чиглэлд харж, сайн жишээг харилцан нэгэндээ хуваалцаж, хот, суурин газрын хөгжлийн төлөөх саналаа нэгтгэхэд хэлэлцүүлгийн зорилго чиглэсэн юм.