Азийн төлөөх Боао форумын Улаанбаатарын бага хурал Монгол Улсад зохион байгуулагдлаа.

Азийн төлөөх Боао форумын Улаанбаатарын бага хурал 2019 оны 8-р сарын 20-ны өдөр Монгол Улсад анх удаа болж өнгөрлөө. Энэ удаагийн форум “Шинэ эрин үе дэх хамтын хөгжил дэвшлийн төлөөх уялдаатай үйл ажиллагаа” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан.

Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Азийн төлөөх Боао форумын дарга Бан Ги Мүн, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабана, Азийн төлөөх Боао форумын Ерөнхий нарийн бичгийн дарга Ли Баодун зэрэг албаны хүмүүс үг хэлэв. Бага хурлын үйл ажиллагаанд Монгол, Хятад, Өмнөд Солонгос, Пакистан зэрэг 10 гаруй орны 300 орчим Засгийн газрын болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцож байна. “Шинэ эрин үе дэх хамтын хөгжил дэвшлийн төлөөх уялдаатай үйл ажиллагаа” гэсэн ерөнхий сэдвийн дор явагдсан Улаанбаатарын бага хурлын үеэр “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, бизнесийн боломжууд”, “Хөгжлийн зам” хөтөлбөрийг “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулан хэрэгжүүлэх нь”, “Дэд бүтцийн харилцан холбогдох байдлыг бүс нутгийн хүрээнд өргөжүүлэх нь”, “Ногоон хөгжлийг хамтын зорилт болгох нь” гэсэн сэдвүүдээр хэлэлцүүлэг болсон. Хятад-Монголын тус бүр арван төлөөлөгчдөөс бүрдсэн Face to Face хэсэгт “Эрдэнэс Оюу Толгой” ХХК  модиратороор оролцож ажилласан.