НЭН ТҮРҮҮНД ХАБ-2019 БАГА ХУРАЛ БОЛЛОО

 

 “Оюу толгой” компани, Мэргэшсэн Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн Мэргэжилтнүүдийн Холбоо (МОШПА), "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ хамтран “Нэн түрүүнд ХАБ-2019” бага хурлыг 2019 оны аравдугаар сарын 1-2-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тогтолцоог төгөлдөржүүлэхэд хувь нэмрээ оруулж буй уг бага хурал нь найм дахь жилдээ “АЮУЛГҮЙ БАЙДАЛД МАНЛАЙЛАХ НЬ” уриан дор эхэллээ.

Энэ жилийн хурлыг “Оюу толгой” компани ивээн тэтгэж, хамтран зохион байгуулах болсноор ХАБЭА-н удирдлагын тогтолцооны олон улсад тэргүүлэх сайн туршлагаа хуваалцаж, түгээн дэлгэрүүлэх боломж өргөжин нээгдэж байна. Мөн бага хурлын үеэр МОШПА болон “Оюу толгой” компани ХАБЭА-н чанарын дэд бүтэц, үндэсний тогтолцоог бүрдүүлэхэд харилцан хувь нэмрээ оруулах зэрэг салбарын өргөн хүрээний асуудлаар хамтран ажиллах тухай Харилцан Ойлголцлын санамж бичиг байгууллаа.

“Нэн түрүүнд ХАБ-2019” бага хуралд худалдаа үйлчилгээ, эрүүл мэнд, сургалтын байгууллага, уул уурхай, барилга, эрчим хүч, зам тээврийн салбарын төрийн захиргааны байгууллага, үйлдвэрчний эвлэл, ажил олгогчид болон төрийн бус байгууллага, ХАБЭА-н чиглэлийн сургалтын байгууллагууд, даатгалын компаниуд, ажил олгогчид, аж ахуйн нэгжийн төлөөлөл бүхий 200 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын 370 гаруй төлөөлөл оролцож байна.