ОЮУ ТОЛГОЙ ГҮНИЙ УУРХАЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АМАА БАРЬЖ ДУУСЛАА.

Оюу толгойн дэлхийд хэмжээгээрээ тэргүүлэх, хамгийн орчин үеийн гүний уурхайн бүтээн байгуулалтын нэн чухал амжилт болох Үйлдвэрлэлийн амыг барьж дууслаа.

1,284 метрийн гүн бүхий үйлдвэрлэлийн үндсэн амаар хүн болон ачаа тээвэрлэж, мөн хүдрийн чулуулгийг газрын гадарга руу гаргана. Үйлдвэрлэлийн амны бүтээгдэхүүн тээвэрлэх өргүүр нь дэлхийд томдоо орох “Коепе” (үрэлтийн хүчний өргүүр) ган татлагат өргүүрийн системтэй. Уг өргүүрийн 60 тонны даацтай ачаа тээвэрлэх хоёр хөнөг 59 км/цаг буюу хамгийн дээд хурдаараа өдөрт 28,000 тонн хүдэр тээвэрлэх хүчин чадалтай. Үйлчилгээний амны хөнөг нэг удаадаа 60 хүн тээвэрлэх хүчин чадалтай бол Үйлдвэрлэлийн амаар нэг дор 300 хүн тээвэрлэх боломжтой юм. Үйлдвэрлэлийн амны өргүүрийн ган татлага суурилуулах ажилд 500 орчим хүн оролцож, 23 хоногийг зарцуулсан нь энэ төрлийн ажлуудаас дэлхийд хамгийн өндөр бүтээмжтэй, аюулгүй хийсэн угсралтын ажил болсон байна.