ББЗХ: МОНГОЛ УЛСЫН БАЯЛГИЙН ЗАСАГЛАЛЫН ИНДЕКС 70 ОНОО БОЛЖ, "ХАНГАЛТТАЙ" ҮНЭЛГЭЭГЭЭ ХАДГАЛСАН

Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгээс 2021 оны Байгалийн баялгийн засаглалын индексийг танилцууллаа.

Монгол Улсын хувьд индекс 100-аас 70 оноо болж, уул уурхайн салбар "хангалттай" үнэлгээгээ хадгалсан байна. Энэ нь 2017 онд гаргасан өмнөх үнэлгээнээс зургаан оноогоор өссөн үзүүлэлт боллоо. Үүнд орлогын менежментийн үзүүлэлтэд ахиц гарсан нь нөлөөлжээ. Түүнчлэн цахим шилжилтийн бодлого хэрэгжүүлж буйтай холбоотойгоор "нээлттэй өгөгдөл" хэсэгт өндөр оноо авсан байна. Улмаар "дэмжигч орчин"-ы үнэлгээ сайжирч, энэ үзүүлэлтээр 100-аас 78 оноо авсан байна.

Харин уул уурхайгаас үнэ цэн хүртэх байдлын үзүүлэлтээр ухарчээ. Энэ нь уул уурхайн салбарын орон нутгийн байгаль орчин, нийгэмд үзүүлж буй нөлөөллийн хувьд засаглал доройтсонтой холбоотой гэсэн байна. Нөхөн сэргээлт хийх, уурхайг хаах үйл ажиллагааг зохицуулсан дүрэм журамтай холбоотой үнэлгээг ил тод мэдээлэхгүй байгаа нь гол асуудлуудын нэг хэвээр байгааг онцоллоо.

Үүнээс гадна "Эрдэнэс Монгол" компанийн хувьд санхүүгийн гүйлгээ, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн талаарх мэдээллийг хангалттай хэмжээнд ил тод нийтлэхгүй байгаагаас "хангалтгүй" үнэлгээ авсан байна. Ингэснээр Монгол Улс "Төрийн өмчит компанийн засаглал" үзүүлэлтээр тааруу гүйцэтгэлтэй гарчээ.