Оюу Толгой төслийн зардлын хэтрэлт, хугацаа хойшилсон асуудлын талаарх Хараат бус, хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гарлаа

2019 оны долдугаар сард Рио Тинто компани нь бусад хөрөнгө оруулагчдад хандан Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа 16-30 хүртэлх сараар хойшлохоор байгаа талаар мэдэгдэж байлаа. Мөн 2020 оны арванхоёрдугаар сард Рио Тинто компани Оюу Толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.45 тэрбум ам.доллароор нэмэгдэж, тогтвортой үйлдвэрлэл эхлэх хугацаа 2022 оны аравдугаар сар хүртэл хойшлох тухайгаа нэмж мэдэгдэж байсан юм. Рио Тинто компани ийнхүү зардал их хэмжээгээр нэмэгдэж, хугацаа хойшилсон шалтгааныг агуулга чулуулгийн нөхцөл байдал буюу геотехникийн нөхцөл байдлаас шалтгаалсан гэж тайлбарлаж байсан.

Улмаар Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болох Оюу Толгой төсөлд УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, Оюу Толгой төслийн Монгол талын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх,  энэ зорилгоор Хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Үүнтэй зэрэгцэн Оюу Толгой ХХК-ийнн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Монголын талын гишүүдийн санаачлагаар тус төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрсэн, ашиглалтад орох хугацаа  хойшилсон асуудлаар дэлхийн нэр хүндтэй зэсийн томоохон төслүүдэд 20-40 жил ажилласан, туршлагатай шинжээчдээс бүрдсэн хөндлөнгийн шинжээчдийн баг ажиллуулж дээрх асуудлаарх дүгнэлт гаргажээ.

Хөдлөнгийн шинжээчдийн баг 5 сар гаруй хугацаанд ажилласан ба гүний уурхай ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилж хөрөнгө оруулалтын зардал 1.45 тэрбум ам.доллар буюу 4 тэрбум орчим төгрөгөөр нэмэгдсэн нь геотехникийн асуудлаас шалтгаалаагүй тухайгаа дүгнэлтдээ тусгажээ. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг Тусгай хорооны гишүүд 2021 оны наймдугаар сарын 3-нд хүлээн авсан бөгөөд дэлхийн нэр хүндтэй хоёр зөвлөх энэ дүгнэлтийг мөн хянасан юм.

 

Хөндлөнгийн шинжээч нарын уг дүгнэлтэд үндэслэн Оюу Толгой ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурлыг ойрын хугацаанд  хуралдуулах тов гарчээ.