Хүнд үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төсөл өргөн барив

Хүнд үйлдвэрийн салбарын гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2020 оны жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 553.4 мян.тн нүүрсэн шахмал түлш, 9.5 мян.тн катодын зэс, 15.3 мян.тн металл бэлдэц, 16.6 мян.тн металл цувимал, 74.3 тн цахилгааны утас, 9.9 мян.тн кокс тус тус үйлдвэрлэсэн байна. Мөн 2020 оны жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 7.1 тэрбум ам.долларын уул уурхайн гаралтай бүтээгдэхүүнийг экспортолсноос 2.0 сая ам.долларын кокс, 59.3 сая ам.долларын катодын зэс экспортолсон нь нийт уул уурхайн гаралтай эрдэс түүхий эдийн экспортын 1.0% орчмыг эзэлж байна.

Экспортын бүтээгдэхүүний 90 орчим хувийг эзэлж буй уул уурхайн бүтээгдэхүүний 95 орчим хувь нь технологийн багтаамжгүй, боловсруулаагүй түүхий эд эзэлж байгаа нь эдийн засгийг хөгжүүлэх ихээхэн боломжийг алдаж байгааг илэрхийлж байна.

Иймээс манай улсын хувьд байгалийн нөөц баялгийн харьцангуй давуу байдалд түшиглэн хүнд үйлдвэрийн томоохон төслийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалт татах, дотоодын зах зээлийг хамгаалах, нэмүү өртөг шингэсэн импортыг орлох, экспортын чиг баримжаатай хүнд үйлдвэрийг хөгжүүлэх, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна.

Түүнчлэн хуулийн төслийн тандан судалгаанаас харахад тус салбарт нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний экспортын хэмжээ маш бага, үйлдвэрлэлийн технологи хоцрогдсон, төрийн дэмжлэг, зохицуулалт, хяналт хангалтгүй, төрийн нэгдсэн удирдлага, зохион байгуулалт сул, хүнд үйлдвэр хөгжих боломж, нөхцөл хязгаарлагдмал байгаа нь хууль эрх зүйн орчин бүрэн бүрдээгүйтэй холбоотой гэж дүгнэсэн.

Дээр дурдсан болон бусад асуудлыг цогцоор шийдвэрлэх зорилгоор Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагад нийцүүлэн Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Уг хуулийн төсөл зургаан бүлэгтэй.

НЭГДҮГЭЭР БҮЛЭГТ:

Хуулийн зорилт, хууль тогтоомжийн үйлчлэх хүрээ, нэр томьёоны тодорхойлолтыг тусгав.

ХОЁРДУГААР БҮЛЭГТ:

Хүнд үйлдвэрийн салбарт хамаарах үйлдвэрлэлийг тодорхойлж, хүнд үйлдвэрийг хөгжүүлэх зорилго, зарчим, хүнд үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх талаарх зохицуулалтыг тусгав.

ГУРАВДУГААР БҮЛЭГТ:

Хүнд үйлдвэрийг дэмжихтэй холбогдсон харилцааг зохицуулав.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГТ:

Хүнд үйлдвэрийн талаар Улсын Их Хурал, Засгийн газар, хүнд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нутгийн захиргаа болон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх болон хүнд үйлдвэр эрхлэгчийн эрх, үүргийг тодорхойлов.

ТАВДУГААР БҮЛЭГТ:

Хүнд үйлдвэрийн талаарх төр, хувийн хэвшлийн түншлэлтэй холбогдох харилцааг зохицуулав.

ЗУРГААДУГААР БҮЛЭГТ:

Хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын зохицуулалт, хуулийг дагаж мөрдөх журмын зохицуулалт, хууль хүчин төгөлдөр болох хугацааг заав.

ЭХ СУРВАЛЖ: УУХҮЯ