Монголын Улсын 2022 оны эдийн засагт уул уурхайн салбарын үзүүлэх нөлөө

Төсөв ба Уул уурхай

Уул уурхайн салбар энэ оны улсын төсөвт 4.26 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр байгаа. Түүхэнд байгаагүй өндөр орлогыг нүүрс, зэс зэрэг экспортын голлох түүхий эдүүд уламжлал ёсоор бүрдүүлнэ. Тухайлбал, зэсийн тэнцвэржүүлсэн үнийг 6306 ам.доллараар тооцсон бол экспортын биет хэмжээ нь 1.2 сая тонн. Мөнгөн дүнгээр 1.8 их наяд төгрөгийн орлогыг дан ганц зэсийн баяжмалын борлуулалтаас олохоор төлөвлөсөн билээ. Нүүрсний хувьд 36.7 сая тонныг экспортолж, 1.5 их наяд төгрөгийн орлого манай улс халааслахаар байгаа. Үнийн хувьд, тэнцвэржүүлсэн үнийг 73.4 ам.доллараар тооцжээ. Тооцоод үзэхээр, нүүрс, зэсийн баяжмалын борлуулалтаас энэ онд нийт 3.3 их наядыг улсын төсөвт орж ирэхээр байна. Үлдсэн орлогыг алт, бусад түүхий эдүүд бүрдүүлж, дээрх 4.26 их наяд биеллээ олох нь.

Ковид ба Экспорт

Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн нурмаг ачаа болох нүүрс болон төмрийн хүдрийн экспорт удааширч эхэлсэн. Хил гаалийн хүчин чадал, тээвэрлэлтээс шалтгаалж экспортын биет хэмжээ буурах эрсдэл хэдийнэ үүсээд байна. Өмнөд хөршийн цар тахлаас урьдчилан сэргийлэх хатуу бодлого энэ чигээр удаан хугацааны турш үргэлжлэх тохиолдолд манай улсын экспортын төлөвлөгөөг эвдэж болзошгүй юм. Зах зээлийн чиг хандлага тодорхой бус тогтворгүй, сорилт, бэрхшээл тулгарсаар байна. Ийм нөхцөлд уул уурхайн салбараас төсөвт төвлөрүүлэх орлого тоо ёсоороо бүрдэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, төсвийн орлогын хувь заяаг хил гаалийн нэвтрүүлэх чадамжаас гадна коронавирусийн дараа дараагийн шинэ давлагаа намжих эсэх нь шийдэхээр байна. 

Нүүрс

Экспортын орлогод жин дардаг нүүрсний үнийн төлөв нааштай хэвээр. 2021 оны эхний хагастай харьцуулахад үнэ эрс буурсан ч сүүлийн таван жилийн дунджаас чамлахааргүй өсөлт үзүүлж чадсан. Гол нь нүүрсний зах зээлийн өсөлтийн ерөнхий чиг хандлага үргэлжилсээр. Дэлхийн коксжих нүүрсний эрэлт үйлдвэрлэлээ давна гэсэн таамгууд хөвөрч байна. Одоогийн өндөр ханш 2025 хүртэл хадгалагдах талаар Fitch Solutions оны өмнө мэдэгдсэн. Коксжих нүүрсний дундаж үнэ 2021 онд 160 ам.доллараас 220 ам.долларт хүрч, нийлүүлэгчдийг баярлуулсан. Бидний хувьд тээвэрлэлтийн өртгөө бууруулж, сайн чанарын коксжих нүүрсээ Хятадын талд хүргэж чадвал дээрх өсөлтөөс хүртэх боломж байна. Гэхдээ гангийн зах зээлд илүүдэл үүсэх эрсдэл байгааг мартаж болохгүй.

Зэс

Улбар шар металлын ханш тогтворжиж, өнгөрсөн оны сүүлийн улиралд огцом хэлбэлзсэнгүй. 2021 оны тавдугаар сард 10 мянган ам.доллар болж байсан бол энэ оныг даруухан эхлүүллээ. Дэлхийн банк ээлжит тайлангаараа дамжуулан зэсийн үнэ энэ онд таван хувиар буурах таамгийг дэвшүүлсэн. 2022 онд шинээр уурхайнууд олборлолтоо эхлүүлэхээр байгаа нь нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ гэж тус банк үзжээ. Зэсийн зах зээлийн хамгийн том хэрэглэгч өмнөд хөршийн хувьд аж үйлдвэрлэл, дэд бүтцийн бүтээн байгуулалт эрчимжихээр байгаа нь зэсийн үнийг дэмжих, эрэлт хэрэгцээ нь өсөх бодит хөшүүрэг болж байна. 

Төмрийн хүдэр

2021 оны турш тогтворгүй байсан төмрийн хүдрийн ханш энэ онд ч базаахгүй нь. Тонн тутамд хоёр дахин буурсан төмрийн хүдрийн үнийн уналт цаашид ч үргэлжлэхээр байна. Төмрийн хүдрийн нийлүүлэлт нэмэгдэж, гангийн эрэлт хэрэгцээ буурсан нь дээрх таамгийг дэвшүүлэхэд хүргэжээ. Үнийн өсөлт хол байгааг CreditSights мэдээлж байсан. Энэ нь улам баталгаажиж магадгүй байна. Төмрийн хүдрийн талаарх ханшийн төлөвийн таамгаа Fitch Solutions 20 ам.доллараар бууруулж, 130 ам.доллар болголоо. 

Алт

Бүхий л цаг үед алт эдийн засгийн гол баталгаа болж, хямрал, хүндрэлийн сүр хүчийг сулруулдаг. Гадаадын шууд хөрөнгө оруулалтгүй, монгол төгрөгийн худалдан авах чадвар өдөр өдрөөр уруудсан байгаа энэ цаг үед алт эдийн засгийн тэнцвэрийг хангах эцсийн найдвар болж байна. Төв банкны хувьд гадаад валютын албан нөөцөө нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн уналтыг сааруулахын тулд дотоодын зах зээлээс алт үргэлжлэн худалдан авахаар байгаа. Өнгөрсөн онд 20 тонн алт худалдан авсан бол энэ онд үүнийгээ улам ахиулах зорилт дэвшүүлсэн билээ. 

Статистикийн цаана...

Уул уурхайн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 69 хувь, экспортын 93 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 80 хувийг бүрдүүлж байна. Бахдам статистик байгаа биз. Үүгээр уул уурхайг дөвийлгөх гэхээс илүүтэй бид тус салбартай зэрэгцэх хэмжээний салбарыг гаргаж ирэх, энэ түвшинд авчрах шаардлагатай болсныг хэлэхийг хүссэн юм. Монгол Улсын уул уурхайн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохионо. 100 насны босгыг давах тус салбарын эдийн засагт гүйцэтгэх үүрэг, үзүүлэх нөлөө жилээс жилд тэлж, томорсон хэвээр. Өөрөөр хэлбэл, уул уурхайгаас хамааралтай эдийн засгийн бүтэц бий болж байна. Нэг салбараас хэт хараат байдлаа бууруулах, экспортын орлогыг төрөлжүүлэх хэрэгцээ, шаардлага давхар урган гарч ирлээ. 

ЭХ СУРВАЛЖ: Монголын үнэн