Н.Цэрэнбат: “Эрдэнэс Оюу толгой” компани “Оюу толгой”-н зарим чиг үүргийг хэрэгжүүлдэг болно

Геологийн төв лаборатори, “Оюу толгой” компанитай Хамтран ажиллах гэрээгээ таван жилээр сунгав. Гэрээнд гарын үсэг зурах ёслолд “Эрдэнэс Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат оролцож, дараах мэдээллийг өгсөн юм.

Геологийн төв лабораторийн “Оюу толгой” компанийн сорьцод хийдэг шинжилгээ гүний уурхай ашиглалтад орсны дараа гурав дахин өсөх юм байна. Тэгэхээр энэ лабораторид  хөрөнгө оруулалт хийх шаардлагатай юу?

Манай улсад сорьцын шинжилгээ хийдэг зах зээлийн багтаамж жилийн 70 орчим тэрбум төгрөг байдаг. Геологийн төв лаборатори жилд гурван тэрбум төгрөгийг  л үйл ажиллагаагаараа олдог. Энэ нь хангалтгүй. Иймд нэмэлт хөрөнгө оруулалт хийх шаардлагатай, улсын төсвөөс энэ лабораторийг дэмжих ёстой. Холбогдох хуульд  ч өөрчлөлт оруулах шаардлага бий. Хэдий чөлөөт зах зээлийн нийгэмд өрсөлдөөн чухал боловч төрийн өмнөөс экспортын бүтээгдэхүүний чанар, агуулгыг хянах үүргийг энэ лаборатори гүйцэтгэдэг тул эдийн засаг, хуулийн орчныг бүрдүүлэх ёстой. Гүний уурхайн огтлох малтлагыг эхлүүлснээр ил уурхайгаас олборлосон, зэс, алтны агуулга багатай хүдрийг гүний уурхайн өндөр агуулга бүхий хүдэртэй холих, нарийвчилсан ажил хийгдэнэ.

Та ажлаа аваад дөрвөн сар өнгөрлөө. Ажлаа юунаас эхлүүлэв?

УИХ-ын Түр хорооны дэмжлэгтэйгээр бид “Оюу толгой” төслийн 34 хувьд ногдсон өрийг тэглүүлж чадлаа. “Оюу толгой” компанийн ТУЗ-өөс “Эрдэнэс оюу толгой” компанийг чадавхжуулах, төслийн үр ашгийг дээшлүүлэх, төсөлд хяналт тавих чиглэлээр тогтоол гарсан. Энэ сарын сүүлээр ажлын хэсэг хуралдан, “Оюу толгой”-н байгаль орчин, засаглал, ил тод байдлын салбарт явуулдаг зарим чиг үүргийг “Эрдэнэс Оюу толгой” хийдэг болох талаар ярилцаж байна. Ирэх сард гэрээгээ байгуулна.

Рио Тинто групптэй хийж буй хэлэлцээ ямар шатанд яваа вэ?             

Үргэлжилж байна. Дубайн гэрээ, татварын маргааны ажлын хэсгүүд ажиллаж байна. Хэлэлцээний эхний үе шатанд Монголын талын 34 хувьд ногдох өрийг хүчингүй болгож, гүний  уурхайн огтлох малтлагыг эхлүүлэв. 34 хувьд ногдох өрийг тэглэснээр энэ төсөлд хөрөнгө оруулсан талууд ногдол ашгаа эн тэнцүү хуваарилах боломж бүрдлээ. “Эрдэнэс Оюу толгой” компани энэ төсөлд  хяналт тавих, төслийн үр өгөөжийг өсгөх  үүрэгтэй. Иймд ажилчдаа чадавхжуулах шаардлага ч бий.

ЭХ СУРВАЛЖ: Gogo.mn