• Баяжуулах үйлдвэр

 

Баяжуулах үйлдвэр ойролцоогоор 255 метр урт, 144 метр өргөнтэй газар эзэлдэг. Баяжуулах үйлдвэрийг 2012 оны 2 дугаар сарын 27-нд ашиглалтад оруулж, 2013 оны 2 дугаар сарын 1-нд анхны зэсийн баяжмалаа үйлдвэрлэж, мөн оны 7 дугаар сарын 9-нд экспортод гаргасан юм.

Баяжуулах үйлдвэр хоногт 100,000 тонн хүртэл хүдэр боловсруулах хүчин чадалтай. Уурхайгаас олборлох хүдэр нь хүнд даацын автосамосвалаар тээвэрлэгдэн, анхдагч бутлуураар бутлагдана. Бутлагдсан хүдэр нь туузан дамжуулагчаар дамжин бутлагдсан хүдрийн агуулахад хуримтлагдана. Хүдэр буулгах бункер болон конвейерын дамжлагууд дээр тоос дарах бороожуулалтын систем байрлана.  

ОТ баяжуулах үйлдвэр нь ХӨН тээрэм – Бөөрөнцөгт тээрэм – Хайрганы бутлуур (SABC) гэсэн хүдэр нунтаглалтын уламжлалт технологийн дамжлагатай.

Анхан шатны нунтаглалтын дамжлага болох ХӨН тээрмүүд нь бутлагдсан хүдрийг нунтаглаж, тээрмийн халиа нь Бөөрөнцөгт тээрэм рүү, тээрмийн тэжээлийн 10 – 20% нь Хайрганы бутлуурийн тэжээл болдог бөгөөд баяжуулах үйлдвэрийн нунтаглалтын дамжлага нь битүү циклээр ажиллана. 

ХӨН тээрмийн булинга нь насосоор шахагдан зэрэгцээ ажиллах бөөрөнцөгт тээрмүүдэд нунтаглагдан, гидроциклоноор ангилагдана. Гидроциклоны булинга (хатуулаг 33%, Р80=140мкм) нь флотацийн дамжлага руу насосоор шахагдана.

 Флотацийн дамжлага нь дараах дамжлагуудаас бүрдэнэ:

  • Үндсэн флотаци;
  • Хяналтын флотаци;
  • Гүйцээн нунтаглалт; ба
  • Цэвэрлэгээний флотаци.

Үндсэн флотацийн хаягдлыг  өтгөрүүлж, Хаягдал хадгалах байгууламжид хуримтлуулна.

Баяжуулах үйлдвэр нь технологийн усны хэрэглээний 87% орчмыг дахин ашиглаж байна.

Флотацийн дамжлагаар орж боловсруулагдсан цэвэрлэгээний флотацийн баяжмалыг усгүйжүүлж, шүүн, баяжмалын агуулахад хадгалж, экспортод гаргана. Эцсийн бүтээгдэхүүн болох баяжмал нь 21-30%-ийн зэс, мөн бага хэмжээний алт, бусад металлын агуулгатай.