Оюу толгой компани Ханбогд сумыг хот болгон хөгжүүлэхэд 50 сая ам.доллар зарцуулна

Өмнөговь аймгийн “Ханбогд хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2024” хамтын ажиллагааны санамж бичигт БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, "Оюутолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт нар гарын үсэг зурж баталгаажууллаа.

Ёслолд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ. Тэрээр “Шинэ сэргэлтийн бодлого зургаан зорилттой. Үүний нэг нь нийслэлийн төвлөрлийг сааруулах юм. Цаашид төсвөө өөрөө бүрдүүлдэг аймаг, сумдыг хот болгоно. Гэхдээ жишиг сум биш жинхэнэ хот байгуулж, нийслэлийн амьдралын чанарыг тэр чигээр нь энд бий болгох нь чухал. Манай улс одоогоор хөгжлийн нэг төвтэй байгааг 4-5 төвтэй болно. Өнгөрсөн нэгдүгээр сарын 25-нд бид “Оюу толгой” компанийн гүний уурхайн үйлдвэрлэлийг эхлүүлсэн.

Энэ уурхай дэлхийн томоохон уурхайнуудын нэг болно. Энэ зун Өмнөговь аймагт цахилгаан станцын бүтээн байгуулалт дуусна. Таван жилийн турш “Оюу толгой” компани Ханбогд сумыг хот болгон хөгжүүлэхэд нийт 50 сая ам.доллар зарцуулна.