Би хэрхэн ажилладаг вэ? "Оюу Толгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн З.Ган-Очир

Оны эхэнд багагүй хугацааны турш хэлэлцээрийн ширээний ард үргэлжилсэн, “Рио Тинто” болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлцэл амжилттай өндөрлөн улмаар Оюу толгой төсөл дэх Монгол Улсын эзэмшилд ногдох өрийг бүрэн тэглэж дууссан билээ.

Энэхүү хэлэлцээрт Монголын Засгийн Газрыг төлөөлсөн, “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн З.Ган-Очир бидний энэ дугаарын зочин. Тэрээр Канадын хойд хэсэгт байрлах цайрын гүний уурхайд техникийн туслах, маркшейдэрээр ажлын гараагаа эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн онд “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-д сонгогдсон. Ингээд түүний ажлын арга барил болон амьдралын хэв маягтай хамтдаа танилцацгаая.

Эрхэлдэг ажил: “Оюу Толгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн
Хэрэглэдэг гар утас: Samsung Note9
Хэрэглэдэг компьютер: Microsoft Surface Pro 7
Сошиал хуудсууд: Gan-Ochir Zunduisuren (Фэйсбүүк)


1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Би инженер гэр бүлээс гаралтай. Манай аав Монгол Улсын Төрийн соёрхолт, цахилгааны инженер хүн байсан бол ээж маань насаараа барилгын машин механизмын инженерээр ажилласан. Уул уурхайн инженер гэх мэргэжлийг аавтайгаа зөвлөлдcөний дүнд сонгож улмаар 2000 онд Канадын Хэйлибюри коллежийн уул уурхайн сургуулийг дүүргэж байлаа. Коллеждоо суралцаж байх үедээ Канадын “Break Water Resources” компанид харьяалагддаг, дэлхийн хамгийн хойд өргөрөгт байршилтай “Nanisivik” цайрын далд уурхайд дадлага хийж үргэлжлүүлэн маркшейдер инженерээр ажиллах боломж гарсан юм. Энэ уурхай нь Арктикийн бүсэд байрладаг, цаг агаарын хувьд эрс тэс бөгөөд зуны улирлын оргил үедээ 24 цагийн турш нартай байдаг бол өвөл нь тасралтгүй долоогоос найман сарын турш үргэлжилдэг сонирхолтой газар л даа. Тэнд ажиллаж байх хугацаандаа анхлан туршлагатай инженерүүдээс уурхайчин хүмүүсийн ажлын хариуцлага, дэг журам хийгээд ажилдаа өөрийгөө зориулах махруу зан чанарыг суралцсан гэж хувьдаа боддог.

Ингээд Канадад хоёр жил ажилласны эцэст эх орондоо ирээд ШУТИС-д уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр суралцахын сацуу Монголын ашигт малтмалын салбараас ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлсэн дээ. Тэр цагаас хойш “Mine Info”, “Asia Gold”, “Хөх тэнгэр Минералс”, “Aspire Mining” гээд дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай олон компанид ажилласан туршлагатай. Хожмоо өөрийн салбарыг бизнесийн хувьд илүү том зургаар харах шаардлага тулгарч эхэлсэн тул 2008 онд Хонконгийн Шинжлэх ухаан технологийн сургууль, АНУ-ын Нью-Йоркийн Их Сургуулийн Leonard Stern-ний нэрэмжит бизнесийн сургуулиудад олон улсын санхүүгийн магистрын зэрэг хамгаалсан.

Миний 22 жилийн карьерийн онцлог гэвэл, бизнес хөгжил, төслийн хөгжүүлэлт, хайгуул, хайгуулын дараах бүтээн байгуулалт, олборлолт, уул уурхайн менежмент, хаалт гээд уурхайн бүтэн циклийн бүх үе шатанд ажиллаж үзсэн гэдгээрээ давуу тал ихтэй болов уу. Сонирхолтой нь, ажлын гараагаа эхлүүлсэн Канадын “Nanisivik” далд уурхай нь тухайн үедээ хаалтын төлөвлөгөөгөө баталсан, хаагдах дөхөж байсан уурхай байсан болохоор би карьераа эргээд нэг харахад уурхайн хаалтаас хайгуулын шат хүртэл ухарч ажилласан байгаа юм.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Одоогийн байдлаар би Оюу толгой ордын нийт хувьцааны 34 хувийг эзэмшиж буй “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийг төлөөлж "Оюу Толгой" ХХК"-ийн ТУЗ-ийн гишүүний алба хашиж байна. “Эрдэнэс Оюу Толгой" компанийн үндсэн зорилго нь стратегийн ач холбогдол бүхий Оюу толгой ордод үйл ажиллагаа явуулж буй “Оюу Толгой” ХХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшиж, хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх. Тус компанийн чадавхыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллах нь ТУЗ-ийн гишүүдэд Засгийн газрын зүгээс өгсөн хамгийн чухал үүрэг даалгавар.Тэр утгаараа би техникийн багтайгаа нягт хамтран ажилладаг. Тэдэнд нэн тэргүүнд шаардлагатай зүйлс юу байна, цаашид юун дээр анхаарч ажиллах ёстой, ямар техникийн асуудлуудыг Засгийн газрын холбогдох агентлагууд руу хүргүүлэх гэдэг талаар хоорондоо зөвлөлдсөөр өдрийн бараг тал цаг өнгөрчих нь бий.

Ажлын хуваарийн тухайд, өглөө босонгуутаа хамгийн түрүүнд имэйлүүдээ шалгах тогтсон дадалтай. Дараа нь уул уурхайтай холбоотой санхүүгийн зах зээлийн мэдээллүүдийг BloombergMining.comMining- journal.com гэх мэт эх сурвалжуудаас уншина. Өдөр тутамдаа салбарын тухай цаг үеийн мэдээллийг цогцоор нь авч, дэлхий ер нь хаашаа хөдөлж буйг сайтар ойлгохгүй бол энэ хурдацтай өрсөлдөөнд хол хоцрох нь ойлгомжтой шүү дээ. Бид тулга тойрсон нүүрсний хэрүүл өөр хоорондоо хийсээр арван жилийг барлаа. Энэ хооронд дэлхийн уул уурхайн салбарт “paradigm shift” гэж нэрлэдэг үсрэнгүй том өөрчлөлт явагдчихлаа. Уул уурхайн бүх үе шатанд нүүрсхүчлийн хийг хэрхэн багасгах талаар ярилцаж байна. Түүнчлэн ирээдүйд өргөн хэрэглэгдэх батерейн дээр суурилсан технологийг хөгжүүлэхэд шаардлагатай түүхий эдийг олборлох ажил руу уул уурхайн үйлдвэрлэл шилжиж байх жишээтэй. Гэтэл бид зөвхөн нүүрсний асуудлаа шийдэж чадалгүйгээр арван жилийн турш хэрэлдээд сууж болохгүй.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Салбарынхаа суурь мэдлэг болон цаг үеийн мэдээллийг цуглуулах харьцангуй өндөр чадвар маань тулгарсан асуудлыг хурдтай шийдвэрлэхэд дөхөм болдог. Тиймдээ ч уул уурхайн санхүүгээс өгсүүлээд капитал маркет, инженер болон хайгуулын гарын авлагууд гээд өөрт хэрэгцээтэй бүх номоо Kindle дотроо хадгалдаг. Би нэлээн мартамхай төрлийн хүн учраас хэрэгцээт мэдээллээ тэр дор нь авах боломжтой номуудаа гарын дор байлгах нь тун амар байдаг даа.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Дээр дурдсанчлан өдөр тутамдаа салбарын мэдээллээ тасралтгүй шинэчлэж байх шаардлагатай тул уул уурхайн салбарын тухай голчлон бичдэг сайтуудыг тогтмол шалгана.

Ажлын тухайд гэвэл хамгийн олон давтамжтай ашигладаг нь Outlooks юм уу даа. Имэйлээр ирсэн урилгуудыг автоматаар хуанли дээр өрчихдөг функцийнх нь ачаар шил шилээ дарсан олон уулзалтыг сайтар төлөвлөж чаддаг. Миний хамгийн тэвчиж чаддаггүй зүйл бол уулзалтаас хоцрох. Бусад хүмүүс уулзалтаас хоцроход дургүй шиг өөрөө худлаа яриад хүнтэй товлосон цагаасаа хоцрох вий гэдгээс их айдаг. Тийм ч болохоор уулзалтуудын сэрүүлгийг 15 минутын өмнө тавиад хэвшсэн.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Одоогоор тийм ч үлгэр жишээ бүтээмжтэй ажиллаж, цаг хэмнэж чадахгүй л байна. Хэдхэн өдрийн өмнө гэхэд канадчуудтай хийсэн Оюу толгойн ээлжит ТУЗ-ийн хурал цагийн зөрүүнээс шалтгаалан Монголын цагаар шөнийн хоёрт дуусах жишээтэй. Харин бүтэн сайн өдөр ямар ч ажил төлөвлөхгүйгээр бүх цагаа гэр бүлдээ зориулдаг. Ням гараг бол тэр чигтээ миний хувьд гэр бүлийн өдөр. Ээж дээрээ очиж уулзана, хүүхдүүдээ аваад салхинд гарна, кино үзнэ. Үүний тулд ажлуудаа үлдсэн хоногуудад сайтар шахдаг.

Хүмүүст зөвлөхөөр сайн туршлага гэвэл би биет уулзалтуудыг аль болох үр дүнтэй, богино байлгахын тулд өглөө товлодог. Уулзалтууд үдээс хойш тавигдахаар ажил ерөөсөө амждаггүй. Өглөөд чанартай хоёроос гурван уулзалтыг найман цагаас хойш хийчихвэл бага үд гэхэд олон ажлаас чөлөөлөгдсөн байдаг.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Ням гарагийн орой хүүхдүүд унтсан хойно, өөртөө тусгайлан цаг гаргаж байгаад ирэх долоо хоногт ямар асуудал шийдэх ёстой, хэнд имэйл илгээх гээд хийх ажлын төлөвлөгөөгөө гаргана.

Миний хувьд шинэ зүйлд суралцах, төлөвлөгөөгөө гаргахдаа гараар бичиж тэмдэглэх нь үр дүнтэй санагддаг. Зөвхөн ажилдаа гэхэд сэдэв тус бүрээр нь задлаад гурваас дөрвөн дэвтэр тогтмол хөтөлдөг. Тэгэхгүй бол нэг дэвтэр дээр олон төрлийн ажил дараалуулж бичихээр холилдоод байдаг сул талтай. Би өөрөө байнгын суралцдаг төрлийн хүн. Уул уурхайн салбар дотроо маш олон төрлөөр задардаг тул тэр бүхнийг нэг хүн мэддэг байх барагтай бол боломжгүй.

Жишээ нь, уурхайн агааржуулалт, хаягдлын сантай холбоотой асуудал тулгарвал би түүнийг зайлшгүй судлах хэрэг гарна. Судлах явцдаа бичиж тэмдэглэх, зурах зүйлс мундахгүй болохоор хичээлийн тэмдэглэл хөтлөхөд зориулсан тусгай том дэвтэр надад бий. Түүнээс гадна Оюу толгойн хурлын тэмдэглэл бичих, уулзалтаас урган гарсан санаанууд тэмдэглэх жижиг дэвтрүүд байнга авч явдаг.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Кино бол миний тархиа амраах шалгарсан арга. Миний хүүхэд ахуй цагт кино прокатын бизнес ид "мода" болж, 16 настайдаа анхны бизнес болох кино түрээсийн газар ажиллуулдаг байлаа. Багаас кино урлагт сонирхолтой байсан зангаараа одоо ч долоо хоногтоо нэгээс хоёр кино тогтмол үзчихнэ. Дээр нь Канадад олон жил амьдарсан тул хоккей шимтэн сонирхдог. Торонто хоттой ойролцоо амьдарч байсан гэдэгт утгаараа Toronto Maple Leafs ба Toronto Raptors багийн үнэнч фен.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Уул уурхайн салбар дахь стартап төслүүдийг нэлээд сонирхдог. Би чинь ер нь ажлаа хобби эсвэл хобби нь ажил болчихсон шахуу хүн дээ. Энэ төрлийн чиглэлээр ажиллаж буй залуучуудтай зөвлөлдөх дуртай. Бас шинээр хайгуул хийж буй талаар их сонирхдог. Гадна дотнын залуучуудаас ийм харилцаан дээрээс их суралцдаг. Ер нь би одоогийн залуучуудыг их мундаг чадвартай гэж итгэдэг шүү. Улам л чадварлаг, мэдлэгтэй болоод байх шиг. 

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

“Эрдэнэс Оюу Толгой” ХХК бол манай улсын улсын зүгээс Оюу толгойн орд дээрх хувьцааг эзэмшиж буй төрийн өмчит, хөрөнгө оруулалтын компани юм. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн өөрийн хөрөнгө оруулалтыг хянах, төслийн үйл ажиллагааг үр дүнтэй явж байгаа эсэхийг харьцуулан судалж холбогдох төрийн байгууллагуудыг мэдээллээр хангах үүрэгтэй. Миний зүгээс “Оюу Толгой” ХХК-д “Эрдэнэс Оюу Толгой”-г төлөөлж байгаа албан тушаалтны хувьд ТУЗ дээр Засгийн газрын зүгээс өгч байгаа бодлого чиглэлийг хэрэгжүүлэх ёстой гэсэн үг. ТУЗ-ийн гишүүнийг энгийнээр тайлбарлавал төрөөс тухайн компанид тавьж байгаа өөрийн төлөөлөл.

Гэхдээ юун түрүүнд ТУЗ-ийн гишүүн нь тухайн компанийн дотоод дүрэм, холбогдох эрх зүйн баримт бичгүүдийн хүрээнд ажиллах ёстой гэдгийг хүмүүс анхаарч үзээсэй хэмээн хүсдэг. Хөндлөнгийн хүмүүс Монголын талыг төлөөлж буй хэдэн хүн нэгдээд л гэрээнд өөрчлөлт оруулчих мэтээр ташаа бодох нь бий. Гэтэл гэрээ өөрчлөх үйл явц бол Засгийн газраас эхлээд яамд, агентлагууд,“Эрдэнэс Оюу Толгой” ХХК болон ТУЗ-ийн гишүүд бүгд хамтран нийлж хэрэгжүүлэх процесс. Харин тухайн гэрээний заалтуудыг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх вэ гэдэг тал дээр ТУЗ-ийн гишүүд анхаарал хандуулан ажиллах учиртай. Өөрөөр хэлбэл, ТУЗ-ийн гишүүн гэх хүн гэрээг өөрчлөх эрх зүйн чадамжтэй этгээд биш гэдгийг хүмүүс давын өмнө ойлгоосой гэж хүсье.

Бэрхшээлтэй тал гэвэл миний хувьд олон жилийн турш хувийн хэвшилд ажилласан тул төрийн өмчит компанийн шийдвэр гаргах хэтэрхий удаан мэт санагдаж, тэвчээр шаардах үе гарна. Гэхдээ нөгөө талдаа Оюу толгой бол Монголын нийт экспортын 17 хувийг дангаараа бүрдүүлж буй, дэлхийн уул уурхайн салбарын хувьд ч хэмжээгээр томд тооцогдох, комплекс төсөл. Газрын гадаргуугаас 1300 метрийн гүнд байрлалтай, нүсэр бүтээн байгуулалтын ажил гэдэг утгаараа зөвхөн бидэнд гэлтгүй Рио Тинтод ч гэсэн сорилт ихтэй мега төсөл.

Засгийн газрын зүгээс Эрдэнэс Оюу Толгойн ажлыг нэлээд өргөтгөж, илүү оролцоотой ажиллаж техникийн хүчин чадал, чадавхыг бий болгох дээр анхаарч ажиллаж байгаа нь сайн ахиц гэж хардаг. Үндэсний олон чадварлаг боловсон хүчин энэ төслийг тойроод бэхжиж байгаа нь хамгийн том ололт юм. Эрдэнэс Оюу Толгойн хувьд олон зуун хүний хийж буй ажлыг цомхон багийн хүрээнд хянаж ажиллана гэдэг бас хүнд ажил шүү. Гэхдээ олон сайхан залуучууд хичээж байгаа тул болох биз ээ. Бид цаашдын төслийн эрсдэл, гүйцэтгэлийн хяналт дээр багаараа санаа зовниж ажиллаж байна. Түүнчлэн миний зүгээс Засгийн газрын олон яамд, агентлаг, байгууллага оролцсон хамтарсан хэлэлцээрт баг болж ажиллаж байгаадаа ихэд олзуурхаж, хэлэлцээр үргэлжилж амжилттай дуусан хамтын ажиллагаа шинэ шатанд гарах байх гэж найдаж байна.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ? 

Багагүй хугацааны турш хэлэлцээрийн ширээний ард үргэлжилсэн “Рио Тинто” болон Монгол Улсын Засгийн газар хоёрын хэлцэл амжилттай өндөрлөн улмаар оны эхэнд Оюу толгой төсөл дэх Монгол Улсын эзэмшлийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг бүрэн тэглэж дууслаа. Энэ үйл явдал яахын аргагүй өнгөрсөн онд анхаарлаа хандуулсан томоохон ажил байсан. Гэхдээ одоо ч бидэнд сайжруулах ёстой олон ажил бий.

Хамгийн түрүүнд, “Эрдэнэс Оюу Толгой” болон “Оюу Толгой” ХХК хоёрын дундах мэдээллийн тэнцвэргүй байдлын асуудал. “Оюу Толгой” компаниас “Эрдэнэс Оюу Толгой”-д шаардлагатай бүх мэдээллийг шилжүүлэн өгөх, мэдээллийг хүртээмжтэй хуваалцах асуудал нэг үеэ бодвол харьцангуй цэгцэрч байгаа нь сайшаалтай ч өшөө илүү нээлттэй болгох шаардлагатай.

Хоёрдугаарт, чадамжийн зөрүүтэй байдал. “Эрдэнэс Оюу Толгой”-г чадавхжуулах асуудал дээр УИХ-аас гарсан тогтоолын дагуу ажиллах тал дээр миний зүгээс анхаарал хандуулж байгаа. Манай компани бие даан Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтад давхар хяналтын үүрэг гүйцэтгэж эхэлж байгаа тул тэрхүү харилцааг зохицуулах, илүү сайн хяналт тавих шилжилтэд гар бие оролцох шаардлага тулгарч байгаа. Үүний хүрээнд “Оюу Толгой”-н зүгээс “Эрдэнэс Оюу Толгой”-д тусгайлан санхүүжилт гаргаж байгаа. Түүнчлэн төслийн борлуулалтын мэдээллийг ил болгох, борлуулах үйл явцыг Монголын талд илүү нээлттэй болгох асуудлыг ч түргэвчлүүлэхээр шамдаж байна даа.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Дэвшилтэт технологи бидний амьдралын хэв маягийг өдөр ирэх тусам өөрчилж, тэр хэмжээгээр “дижитал шилжилт” асар хурдацтай өрнөж байна. Энэ цаг үед миний насны мэргэжилтнүүд салбартаа тэсэж үлдэхийн тулд тасралтгүй суралцах ёстой болоод байгаа юм. Юмс хувьсан өөрчлөгдөх тусам бусдаас хоцрогдохгүйн тулд улам их судалгаа хийх хэрэгцээ тулгарч байна.

Би жилдээ тогтмол хоёроос гурван удаа богино хугацааны юм уу онлайн сургалтад заавал хамрагддаг. Тухайн үед ажиллаж байгаа төслөөсөө шалтгаалаад мэргэжлийн сургалтад суух уу, бизнесийн сургалтад суух уу гэдгээ шийднэ. Мөн өөрийн салбарын мэргэжлийн байгууллагуудын гишүүн байх нь олон талт мэдээллийн эх сурвалжийн үүд хаалга болж өгдөг. Жишээ нь би Австралийн “Australian Institute of Company Directors” болон “The Australasian Institute of Mining and Metallurgy (AusIMM)” байгууллагын гишүүн.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Ажлын өдрүүдэд бол мэргэжлийн холбогдолтой номуудаа байнга эргүүлж, тойруулж харна. Харин амралтын өдрөөр баримтат ном голчлон уншдаг. Дуртай зохиогч гэвэл Малкольм Гладвелл, Юваль Ной Харари, Нассим Талеб. Уран зохиолын ном барагтай уншдаггүй ч Жон Гришамын хуулийн сэдэвтэй романуудыг залуу байхдаа дуусгасан шүү.

Бүх цаг үеийн хамгийн шилдэг кино бол миний хувьд “Гладиатор”. Хааяа манай хүүхдүүд та өнөөхөө л үзэж сууна уу гэж намайг шоолж байдаг юм. Сүүлд үзсэнээс Майкл Жорданы баримтат бүтээл “The Last Dance” сэтгэлд хоногшин үлдэж.

Хөгжмийн тухайд цаг үеэ мэдэрч сүүлийн үеийн хөгжим сонирхоно. Magnolian, The Colors, Thunder, GangBay гээд орчин цагт хит болж байгаа бүх уран бүтээлчдийг сонсдог.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Яг зөвлөгөө гэхээс илүүтэй олон жилийн өмнө Канадын уурхайд удирдлага дор нь ажиллаж байсан инженерийн хэлтсийн дарга болон Монголд ирээд ажилласан Канадын хөрөнгө оруулалттай компанийн дэд ерөнхийлөгч хоёроос этик, ажлын арга барил, ёс зүй, ажилдаа өөрийгөө зориулах хичээнгүй зан чанар зэрэг олон зүйлд суралцсан.

Мөн миний нэг танил ахын хэлсэн “Хүүхдүүдээ бага байгаа дээр нь хангалттай цаг зарцуулаарай” гэсэн үгийг одоог хүртэл санаж явдаг. Нэгэнт томрох үед нь хүссэн хүсээгүй хамтдаа өнгөрөөх цаг хугацаа багасах нь тодорхой. Мэргэжлийн онцлогоос шалтгаалан хөдөө орон нутагт ажиллах үе олон ч гэртээ байх хугацаагаа хүүхдүүддээ зарцуулахыг хичээдэг.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Салбарынхаа ерөнхий мэдлэгийг тасралтгүй гүнзгийрүүлж явах хэрэгтэй. Би зөвхөн уулын инженер, геологич хүн гэж өөрийгөө хайрцаглахгүйгээр олон талт чадвартай байж гэмээнэ өөрийгөө өндөрт үнэлүүлж чадна. Гаднын уурхайд бизнесийн хэлтсийн мэргэжилтэн нь хүртэл металлургийн мэдлэг өндөртэй байдаг. Зөвхөн мэргэжлээрээ нарийсаж гүнзгийрэхээсээ гадна салбарынхаа бусад хэсгүүдийг ойлгодог байх нь ажиллаж буй төслөө том зургаар харахад тусална. Уулын инженер гэхэд металлургийн мэдлэггүй бол учир дутагдалтай, металлургийн инженер эсрэгээрээ геологи, эрдэс судлалын ерөнхий мэдлэг сайтай байх нь чухал.

Эх сурвалж:https://unread.today/c/howiwork-ganochir