• Оюу Толгой төсөлд  Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ (БОНБҮ), Байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон түүний биелэлтийг Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу хэрэгжүүлж байна. Тус компани нь байгаль орчны ISO14001, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын OHSAS 18001 стандартын дагуу Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны удирдлагын тогтолцоог  үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн.

 

  • Тус төсөл нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт орших Гүний хоолойн уст давхаргад 2003 оноос хойш усны нарийвчилсан хайгуул судалгаа хийж, усны нөөц батлагдсаны дагуу Гүний хоолойн уст давхаргаас ус ашигладаг. Гүний хоолойн уст давхарга нь ОТ-н лицензит талбайгаас зүйн хойш 35-70 км зайд байрладаг. Төслийн усны хэрэглээний дийлэнх нь баяжуулах үйлдвэрт ашиглагддаг бөгөөд  одоогийн байдлаар ОТ-н Баяжуулах үйлдвэр нь технологийн усны хэрэглээний 87% орчмыг дахин ашиглаж байна.
  • ОТ ХХК газрын доорх усны нөөц ашигласны төлбөрийг Байгалийн баялгийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу Галба-Өөш Долоодын сав газрын усны нөөцийн Экологи-эдийн засгийн үнэлгээнд суурилан тооцож, орон нутагт төлж байна. Түүнчлэн ОТ төслийн үйл ажиллагааны улмаас орон нутгийн иргэдийн усны хэрэглээний эх үүсвэр болох малчдын гар худаг, булаг шанданд гарч буй нөлөөллийг тогтоох, мөн бусад байгаль орчны хяналт шинжилгээ хийх нутгийн иргэдийн оролцоо бүхий байгаль орчны хяналт-шинжилгээний хөтөлбөр хэрэгжүүлж байна.