Оюу Толгой энэ оны эхний гурван улиралд далд уурхайгаас 127,419 тонн зэс олборложээ

Оюу Толгойн Далд уурхайн олборлолт энэ оны гуравдугаар сард эхэлсэн билээ. Үйл ажиллагаа эхэлснээс хойш гурван улиралын байдлаар үйлдвэрлэсэн баяжмал дахь алт, зэсийн хэмжээг "Оюу Толгой" ХХК-ийн далд уурхайн инженер техникийн хэлтсийн мэргэжилтэн н.Өлзийсайхан танилцуулаа.

      Тэрбээр "Гуравдугаар улиралд нийт 42 мянган тонн зэс үйлдвэрлэсэн. Гуравдугаар улирлын эцсийн байдлаар нийт 127,419 тонн зэс үйлдвэрлэлээ. Харин үйлдвэрлэсэн баяжмал дахь алтны хэмжээ гуравдугаар улиралд 51.2 унц болсон бөгөөд эхний гурван улирлын эцсийн байдлаар дүгнэвэл баяжмал дахь алтны хэмжээ 135,646 унц" гэв.

Газрын гадаргаас 1,300 метрийн гүнд буй хүдрийн биетийг олборлохын тулд Панел 0, 1, 2 гэсэн гурван хэсэгт ажилладаг байна. 

Одоогоор Панел 0-д хүдэр олборлолт идэвхтэй явагдаж байгаа бөгөөд өнгөрсөн улиралд 18 хүдэр буулгуурыг тэсэлснээр хүдэр буулгуурын нийт тоо 72 болжээ. Одоогоор юүлүүрэн тэсэлгээний ажил 60 хувьтай, улаар огтлох тэсэлгээний ажил 81 хувьтай байгааг холбогдох албаны хүн өчигдөр мэдээлсэн.

Түүнчлэн олборлолтын түвшин ба тээвэрлэлтийн түвшинг холбодог хамгийн чухал хэсэг нь гулсууран байгууламж аж. Гуравдугаар улиралд дахин нэг гулсуурын байгууламжийн барилгын ажлыг дуусгасанаар нийт дөрвөн гулсууран байгууламжтай болж, хүдэр олборлолтыг тогтвортой үргэлжлүүлэх боломжтой болсон хэмээв.

Оюу Толгойн далд уурхай 2028-2036 онд нэг жилд олборлох зэсийн хэмжээг дунджаар 500,000 тоннд хүргэх зорилготой. Үүний тулд Панел 1 ба 2-т шаардлагатай бэлтгэл малталт үргэлжүүлж байна. Гуравдугаар улиралд 3,482 метр хөндлөн малталт хийснээр төлөвлөгөөгөө 27 хувиар давуулсан биелүүлжээ.