Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхлээд нэг жил боллоо

Гүний уурхайд блокчлон олборлох буюу дэлхий дээрх хамгийн нарийн олборлолтын технологи ашиглан зардал багатайгаар газрын гүний 1.3 км-т байгаа зэсийн хүдрийг олборлож байна.  Уг гүнд ойролцоогоор 203 км урт хонгилд үйл ажиллагаа явагдаж байгаа. Тэсэлгээний хувьд өнгөрсөн IV улиралд л гэхэд 14 хүдэр буулгуурыг тэсэлж нийт хүдэр буулгуурын тоо 86 болсон байна.

Ингэснээр гүний уурхайгаас боловсруулсан хүдрийн хэмжээ өнгөрсөн IV улиралд 3.4 сая тн-д хүрч 2023 оны I улирлаас 5 дахин өсчээ. Улмаар өнгөрсөн онд гүний уурхайгаас боловсруулсан хүдрийн нийт хэмжээ 7.4 сая тн-д хүрэв.

Түүнчлэн Гүний уурхайн өргөжилтийн хүрээнд Оюу Толгойн 2023 онд үйлдвэрлэсэн нийт зэсийн хэмжээ жилийн өмнөхөөсөө 29.8% өсөж 168 мянган тн-д хүрээд байна. Оюу Толгойн ил болон гүний уурхай 2028-2036 оны хооронд жилд дунджаар 500,000 тн, цаашдын 5 жилд дунджаар 350,000 орчим тн зэс олборлох тооцоотой буй юм.