“Эрдэнэс Монгол” нэгдлийн 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэл байдал зөвлөгөөн боллоо.
Монгол Улсын Сайд бөгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэг газрын дарга С.Бямбацогт, ЗГХЭГ-ын төлөөллүүд, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл, удирдлагууд, нэгдлийн охин, хараат компанийн удирдах ажилтнууд оролцож “Бүтээн байгуулалтын жил 2025” төлөвлөгөөт ажлын хагас жилийн гүйцэтгэл, үр дүнг танилцууллаа.
“Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ганхүү: ЭОТ ХХК 2025 оны бизнес төлөвлөгөөнд 7 зорилгын хүрээнд 49 зорилтот үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд хагас жилтэй харьцуулахад төлөвлөгөөт ажил 86 хувь, бүтэн жилтэй харьцуулахад 49 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тухайлбал компанийн үндсэн чиг үүргийн хүрээнд Бизнес төлөвлөгөөнд туссан “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 103 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд
- Менежментийн үйлчилгээний гэрээг шинэчлэх,
- ОТ ХХК-д хөндлөнгийн аудит хийлгэх,
- Нэмэлт санхүүжилтийн асуудлаар нэгдсэн ойлголтод хүрэх,
- ОТ ХХК-ийн засаглалыг сайжруулах,
- Татварын актын биелэлтийг хангуулах,
- санхүүжилтийн хүүгийн зохистой байдлыг хянан үзэх, өөрчлөх ажлууд урагшилж, компанийн засаглалыг сайжруулах, төрөөс баримталж буй бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хангах, Засгийн газрын хэрэгжүүлэх үйл ажиллагаа 14 мега төслийн нэг ХЭРЛЭН ТООНО төслийн ТЭЗҮ боловсруулах ажлыг төлөвлөсөн хугацаанд дуусгахад гүйцэтгэгч талд захиалагчийн хяналт тавин ажиллаж буй талаарх мэдээллийг өглөө.