
“Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар компанийн 2025 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайлан болон
гүйцэтгэх удирдлагын дүгнэлтийг хэлэлцлээ.
Тайлант хугацаанд тус компани Монгол Улсын Засгийн газрын “Оюу Толгой” ХХК-д эзэмшиж буй 34 хувийн хувьцааны эрхийг хэрэгжүүлэх, төслийн хэрэгжилтэд хяналт тавих, Монголын талын хүртэх эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, ажлын үр дүнг танилцууллаа.
2025 онд компанийн үйл ажиллагааг бизнес төлөвлөгөөний 7 үндсэн зорилт, 56 зорилт, 130 арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлж, жилийн эцсийн байдлаар 91.2 хувийн гүйцэтгэлтэй ажилласан байна. Энэ хугацаанд компанийн төлөвлөлт, дотоод хяналтын тогтолцоог сайжруулж, Оюу Толгой төслийн хэрэгжилтийн талаарх Монголын талын мэдээлэл, дүн шинжилгээний чадавхыг бэхжүүлэхэд анхаарч ажиллав.
Санхүүгийн хувьд 2025 онд компанийн үйл ажиллагааны зардлыг төлөвлөснөөс 47 хувиар бууруулж, зардлын сахилга батыг сайжруулсан бөгөөд үндсэн хөрөнгийг нэмэгдүүлж, компанийн оффис, ажлын байрны орчин нөхцөлийг сайжруулаад байна.

Компанийн чиг үүргийн хүрээнд Оюу Толгой төслийн засаглал, гэрээний хэрэгжилт, санхүүжилтийн бүтэцтэй холбоотой асуудлуудад анхаарч, төслийн засаглал, менежментийг сайжруулах, хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах асуудлаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийхэд шаардлагатай тооцоолол, мэдээллийг боловсруулан холбогдох төрийн байгууллагуудыг мэдээллээр хангаж ажиллав. Мөн Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хүрээнд хөрөнгө оруулагч талтай хийж буй хэлэлцээ, төслийн санхүүгийн хяналтыг сайжруулах ажлуудад оролцож, төслийн санхүүгийн загвар боловсруулж, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх ажлыг эхлүүлэв.

Түүнчлэн Онтрэй (Entrée) компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар Монголын талын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх санхүү, эдийн засгийн хувилбаруудыг боловсруулж, ил болон далд уурхай, баяжуулах үйлдвэр, дэд бүтэц, байгаль орчны үйл ажиллагаанд тогтмол хяналт, дүн шинжилгээ хийж ажиллав.
Мөн Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан “Хэрлэн Тооно” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг эхлүүлж, төслийн эхлэлийн шатанд захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж байна. Үүнээс гадна Оюу Толгой төслийн үр өгөөжийг бүс нутгийн хэмжээнд нэмэгдүүлэх зорилгоор Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийг хамарсан Говийн бүсийн хамтын ажиллагааг эхлүүлээд байна.
Байгаль орчин, орон нутгийн хамтын ажиллагааны хүрээнд төслийн байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, Ханбогд сумын хөгжил болон нийгмийн хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр ажиллаж байна.