
Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан, “Оюу толгой” төслийн менежментийн төлбөрийн хувь хэмжээг бууруулах үүрэг бүхий Ажлын хэсэг хөрөнгө оруулагч тал болох “Рио Тинто”-той 2025 оны аравдугаар сарын 30-ны өдөр эхэлсэн албан ёсны хэлэлцээ өнөөдөр /2026.05.19/ амжилттай үргэлжилж байна.
Хэлэлцээний хүрээнд талууд менежментийн төлбөрийг бууруулах, зардлын давхардлыг арилгах асуудлаар байр сууриа харилцан илэрхийлж, зөвшилцлийн үндсэн дээр ажилласан бөгөөд энэ хугацаанд нийт дөрвөн удаагийн уулзалт зохион байгуулж, албан бичгээр санал солилцон хэлэлцээ үргэлжилсэн юм.
Өнөөдөр /2026.05.19/ болсон ээлжит хэлэлцээний үр дүнд Засгийн газраас томилогдсон Ажлын хэсэг, хэлэлцээний баг “Оюу толгой” төслийн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, мөн төлбөрийн давхардлыг арилгах асуудлаар хөрөнгө оруулагч Рио Тинто талтай зарчмын тохиролцоонд хүрч, хэлэлцээний эхний бодит үр дүнг гаргаж чадлаа.
Энэхүү тохиролцооны үр дүнд төслийн нийт зардал 2.2 тэрбум ам.доллароор буурч, Монгол Улсын хүртэх эдийн засгийн өгөөж 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдэх тооцоо гараад байна.




