
Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэд байгуулагдсан “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-д “Уул уурхайн салбарын долоо хоног” арга хэмжээ өнөөдөр /2026.01.26/ эхэллээ.
Арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр оролцож, эдийн засгийн өсөлтийг тэлэх, бодлогын шинэчлэл хийхэд хөрөнгө оруулалт нэн шаардлагатай байгааг онцлов. Тэрбээр экспортын хэмжээг нэмэгдүүлэх, дотоодын эдийн засгийг идэвхжүүлэхийн тулд уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг дэмжих шаардлагатайг тэмдэглэж, өнгөрсөн хугацаанд улс төрийн тогтворгүй байдал, бодлогын ойлгомжгүй байдлаас шалтгаалан хөрөнгө оруулагчдын итгэл алдагдсан болохыг дурдлаа.

Түүнчлэн Засгийн газрын зүгээс алдагдсан итгэлийг сэргээж, эдийн засагт бодит сэргэлт авчрахын тулд хууль эрх зүйн орчныг цогцоор нь шинэчлэхээр ажиллаж байгааг онцлон, ирэх хаврын чуулган бизнесийн эрх чөлөөг дэмжсэн, хөрөнгө оруулагчдыг хамгаалсан, урамшуулсан, эдийн засгийг эрчимжүүлэхэд чиглэсэн бодлого, шийдвэрүүдийг хэлэлцэхээр төлөвлөж байгааг мэдэгдэв. Мөн өмчийн халдашгүй дархан байдлыг хангах, гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлаж ирсэн 40 гаруй хуулийн зохицуулалтыг эргэн харах шаардлагатайг тодотголоо. Тэрбээр хөрөнгө оруулагчдыг Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг дэмжин, хамтран ажиллахыг уриалсан юм.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням уул уурхайн салбарыг цэгцэлж, олборлолтоос боловсруулалт руу шилжих, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлогыг хэрэгжүүлж байгааг онцоллоо. Уул уурхайн салбар нь ДНБ-ий 26 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 79 хувь, экспортын орлогын 95.4 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 74 хувь, нэгдсэн төсвийн орлогын 28.4 хувийг бүрдүүлж буйг тэрбээр дурдав. Мөн 2015–2024 онд Монгол Улсад хийгдсэн 99.3 их наяд төгрөгийн гадаадын хөрөнгө оруулалтын 80 орчим хувь нь уул уурхайн салбарт ногдож байгааг онцлов.

Цаашид хууль эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд Ашигт малтмалын тухай хууль, Хүнд үйлдвэрийн тухай хууль, Газрын тосны тухай хууль, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах болон шинэчилсэн найруулгын төслүүдийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байгааг мэдэгдлээ.
“Уул уурхайн салбарын долоо хоног” арга хэмжээ 2026.01.26-наас 01.30-ныг дуустал Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд болж байна.


