"ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ" ХХК-ИЙН АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

"ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ" ХХК-ИЙН АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

                                           2026 оны 06 дугаар сарын 29-ний өдөр                                                           Улаанбаатар хот 

Монгол Улсын стратегийн орд болох Оюу Толгой ордын төрийн эзэмшлийн 34 хувийн хувьцааг эзэмшигч, төрийн өмчит “Эрдэнэс Оюу Толгой” ХХК нь Ерөнхий нягтлан бодогчийн ажлын байранд ажиллах, шаардлага хангасан иргэдийг нээлттэй сонирхлоо илэрхийлэхийг урьж байна.

Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий Оюу толгой ордын төрийн эзэмшлийн хувьцааны эрхийг хэрэгжүүлэгчийн хувьд “Эрдэнэс Оюу Толгой” ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 34 хувийн эзэмшлийг төлөөлөн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод үйл ажиллагаа явуулах “Оюу толгой” төслийн хүрээнд Монгол Улсын эрх ашгийг хамгаалах, компанийн засаглалыг нэгдмэл байдлаар хэрэгжүүлэх үндсэн зарчимд тулгуурлан, ашигт малтмалын ордыг ашиглах үеийн төслийн үр өгөөжийг Монголын талд хүртээх, Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх үндсэн чиг үүрэг бүхий төрийн өмчит компани юм.

“Эрдэнэс Оюу Толгой” ХХК-д ажилласнаар стратегийн ач холбогдол бүхий ордын төрийн эзэмшлийн хувьцааны эрхийг хэрэгжүүлэгч, төрийн өмчит компанид цомхон, мэргэшсэн хамт олонтой хамтран ажиллаж мэргэжлийн хувьд өсөж дэвжих боломжийг Та бүхэнд санал болгож байна.

Ажлын байрны зорилго, чиг үүрэг: 

Компанийн санхүү, нягтлан бодох бүртгэл, төлбөр тооцоо, үндсэн ба мөнгөн хөрөнгө, бараа материал, хөрөнгийн бүртгэлийг цаг хугацаанд нь үнэн зөв хөтөлж, тайлан гаргах, холбогдох гүйлгээг баримтаар баталгаажуулах, нягтлан бодох бүртгэлийн дансанд тухай бүр бичилт хийх ажлыг хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу гүйцэтгэх, санхүү, хөрөнгө оруулалт, худалдан авалт, аудит, татвар, төлөвлөлт, бүртгэл тооцоо шинжилгээний талаарх мэдээлэл, танилцуулга, санал, дүгнэлт боловсруулах, шаардлагатай тохиолдолд компанийн оффис, захиргаа, аж ахуйн зарим чиг үүргийг хариуцан гүйцэтгэж, компанийн “Стратеги төлөвлөгөө” болон “Бизнес төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг ханган, холбогдох тайлагнал, гүйцэтгэлийн үр дүнг Гүйцэтгэх удирдлагын өмнө хариуцна.

Ажлын байранд тавигдах шаардлага

  1. Нягтлан бодогч мэргэжлээр бакалаврын болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
  2. Мэргэшсэн нягтлан бодогч байх (хугацаагүй эрхтэй, эсхүл CPA, ACCA зэрэгтэй бол давуу тал болно);
  3. Мэргэжлээрээ 12-оос доошгүй жил ажилласан байх;
  4. Хөрөнгө оруулалт, уул уурхайн салбарын бодлого, онцлогийн талаар ойлголт мэдлэгтэй байх;
  5. Ял шийтгэл эдэлж байгаагүй байх;
  6. Англи хэлний мэдлэгтэй байх;
  7. Microsoft Office болон хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн, мэдээлэл харилцааны технологийг ашиглах чадвартай байх.

Бүрдүүлэх материал

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт (Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ тодорхой бичиж, өөрийн мэдлэг, ур чадвар, туршлага, өмнөх албан тушаалын чиг үүрэг зэргийг дурдсан);
  2. Анкет (Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журмын 1 дүгээр хавсралт, 2025 он); 
  3. CV (өөрийн хүссэн загвараар);
  4. Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх, гадаад хэлний мэдлэг чадвар, мэргэжлийн зэргийг илэрхийлэх гэрчилгээ, сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар; 
  5. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, иргэний үнэмлэх, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай e-mongolia лавлагаа;
  6. Мэргэжлээрээ ажилласныг нотлох баримт бичиг (урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт; ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал);
  7. Шаардлагатай гэж үзсэн бусад нэмэлт баримт, материал.

Сонгон шалгаруулалтын үе шат

Сонгон шалгаруулалт нь баримт бичгийг хянах, шалгалт авах, сонгон шалгаруулалтын дүнг гаргах үе шаттай байна. Шалгалтын үе шатыг танхимаар буюу биечлэн ирж оролцохоор зохион байгуулах ба оролцогчдын мэдлэгийн түвшин, асуудал шийдвэрлэх чадвар, зан байдал, хандлагыг тодорхойлоход чиглэнэ.

Сонгон шалгаруулалт явагдах газрын хаяг:

Улаанбаатар хот, 14240, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпын гудамж 13, Ай Ти Си цамхаг, 10 дугаар давхар, “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн байр. Утас: 70078085, Цахим хуудас: www.eot.mn, и-мэйл: [email protected]

Материал хүлээн авах хаяг, хугацаа:

Материалыг цахим (нэг pdf файл)-аар бэлтгэж, 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 11:00 цагаас өмнө [email protected] цахим хаягаар ирүүлнэ үү.

Материал хүлээн авсантай холбоотой компани тухайн оролцогчийн өмнө аливаа хариуцлага хүлээхгүй болно.

 

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН АЖЛЫН ХЭСЭГ