Б.Тэлмүүн: Оюу толгой төсөл биш ногдол ашгаа хуваарилдаг тогтвортой бизнес болж өөрчлөгдөнө

Б.Тэлмүүн: Оюу толгой төсөл биш ногдол ашгаа хуваарилдаг тогтвортой бизнес болж өөрчлөгдөнө

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

Б.Тэлмүүн: Монголын тал ганц ногдол ашигт найдалгүй, “Рио Тинто” шиг хүүгээс ашиг олж болно 

“Эрдэнэс оюу толгой” ХХК-ийн захирал, “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-д Монголын талыг төлөөлдөг гурван гишүүний нэг Б.Тэлмүүнтэй ярилцлаа. Тэр ажлаа аваад төдийлөн удаагүй байгаа ч Н.Учралын Засгийн газрын “Рио Тинто” групптэй хийсэн шинэ хэлэлцээрийн багт чухал үүрэг хүлээсэн. Дараа дараагийн хүлээлтүүд ч түүнтэй холбоотой юм. 3 их наядын ноогдол ашиг авах хүлээлт, “Онтрэ”-гийн лиценз шилжүүлэлт, татварын актуудтай холбоотой арбитрын маргаан зэрэг олон чухал асуудлаар тэр нээлттэй хариулт өглөө.

-17 жилийн дараа Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулахаар болж, ноогдол ашиг авах тохиролцоонд хүрсэн, ийм цаг үед бид ярилцаж байна. Юуны өмнө баяр хүргэх нь зүйтэй байх. 

Баярлалаа. Оюу толгой бол зөвхөн зээлийн хүү, ноогдол ашиг төдийгөөр хязгаарлагдахгүй өргөн хүрээний асуудал л даа. 17 жилийн хугацаанд төсөл маш олон сорилттой тулгарч ирсэн. Том зургаар харвал компанийн мөнгөн урсгал харилцан эрх тэгш байгаа эсэх нь хамгийн гол сэдэв. Эдгээр нь сүүлийн хэлэлцээрээр бүрэн шийдэгдээгүй, цаашид шийдэх ёстой олон зүйл байгаа.

-Оюу толгойн асуудал хэзээд хардалт дагуулдаг. Тиймээс, үнэхээр өнөөдрийн байдлаар гэрээнд өөрчлөлт орчихсон байгаа эсэхийг асуумаар байна. 3 их наядын ноогдол ашиг авахаар тохиролцсон гэж байгаа ч, гэрээнд энэ талаар тусаагүй гэгдэж байна. Гэтэл юунд зарцуулахаа яриад эхэлчихсэн байдаг… Нэг үгээр асуувал, бид энэ хэмжээний ноогдол ашгийг яг авч чадах юм уу? 

Өнгөрсөн хугацаанд санхүүгийн тооцоогоор ноогдол ашиг авахгүй байх, эсхүл 2038 2040 оноос авах магадлалтай дүр зураг харагдаж байсан тал бий. Өмнө нь ноогдол ашгийн талаар ямар ч бодитой хэлэлцээ болж байгаагүй. Харин одоо бид илүү бодитой, ажил хэрэгч түвшинд яриа хэлэлцээ хийж байгаа нь ололт. Өөрөөр хэлбэл ноогдол ашгийг ямар дүнгээр, ямар хэлбэрээр олгох вэ гэдэг түвшин рүү яриа хэлэлцээ шилжсэн. Энэ асуудлаар Сангийн сайд З.Мэндсайханы ахалсан Ажлын хэсэг ажиллаж байгаа. Монголын тал хамгийн багадаа 3 их наядын ноогдол ашиг авна, авах ч ёстой гэсэн байр суурьтай. 

-Сүүлийн гэрээний өөрчлөлт дээр бол ноогдол ашгийн агуулга тусаагүй юм байна?

Гэрээ өөрчлөх бол маш том асуудал. Менежментийн төлбөрийг 50 хувиар бууруулж, зээлийн хүүг SOFR + 4% болгосон. Миний хувьд “Оюу толгой” төсөлд холбогдон 15-16 жилийг өнгөрүүллээ. Засах сайжруулах ёстой зүйл гэвэл маш их бий. Яриа хэлэлцээ хийнэ гэдэг нэг хэрэг, гарын үсгээ зурж эцэслэнэ гэдэг өөр хэрэг. Бид яриа хэлэлцээрээ хийж чадсан. Дараагийн асуудлууд хүлээгдэж байна л даа.

-Ногдол ашиг хаанаас орж ирэх юм бэ. Ирээдүйд орж ирэх ашгаа наашлуулах байдлаар шахаж байгаа юм биш биз?

3 их наяд гэдэг бага мөнгө биш. Төсөл өөрөө дараагийн буюу тогтвортой үйлдвэрлэлийн шатандаа шилжиж байгаа. Тэгэхээр хөрөнгө оруулалтын шаардлага багасаж илүү ашигтай ажиллах боломж бүрдэж байна. Зэс, алтны үнэ ч таатай сайн байна. Ногдол ашиг ямар мөнгөн урсгалаас орж ирэх вэ гэдэг дээр тооцох зүйл олон. Миний хувьд бүрэн боломжтой, авах ч ёстой гэсэн байр сууринаас санхүүгийн мэргэжлийн хувьд харж байгаа. Авна, авах ёстой гэсэн итгэл үнэмшлээр ажиллаж байгаа.

-“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагууд бол ноогдол ашгийн хэмжээг яг таг тохиролцсон зүйл байхгүй гэсэн л дээ. 3 их наяд үнэн бол, 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” тэгэхээр өөрсдөө 6 их наядын ноогдол ашиг авах нь ээ дээ?

Сангийн сайд энэ яриа хэлэлцээг ахалж байгаа. Нөгөө талаас энэ тоо бол оргүй хоосноос ургуулдаг зүйл биш шүү дээ. Харин нэгэнт ноогдол ашиг авсан хойно юунд зарцуулах нь УИХ-ын бүрэн эрх.

-“Рио Тинто” санхүүгийн мөлжлөг хийж байна, Монголын тал өдөрт 15 сая ам.долларын хүү төлдөг, энэ хүүг бууруулахгүй олон жил явсан зэрэг шүүмжлэлүүд бий. Харин энэ удаа манай талаас ямар барьцтайгаар зээлийг хүүг бууруулж чадсан бэ? 

Ямар ч яриа хэлэлцээнд нэг тал өөрийн хүслийг 100 хувь шийдүүлнэ гэж байдаггүй. Өмнө нь хэлсэнчлэн, бидэнд засахыг хүсэж буй маш их зүйл бий. Бид хүсэл сонирхлоо илэрхийлэх нэг хэрэг. Яаж илэрхийлэх нь бас нэгэн хэрэг. Яагаад гэдгээ мэргэжлийн түвшинд, шийдэл тавих ёстой гэсэн үг. Нөхцөл байдлаас хамаарч яриа хэлэлцээ амжилттай, амжилтгүй болдог. Миний хувьд өнгөрсөн дөрвөн сарыг харахад шийдвэрлэж болохгүй асуудал гэж байхгүй. Харин харилцан итгэлцэлтэй, эцсийн эрх ашгаа тодорхойлж, хамтдаа урагш харах ёстой. Сүүлийн хэлэлцээр бол илүү ажил хэрэгч, итгэлцэлд тулгуурласан байдлаар явлаа л даа. Үнэхээр санаанд хүрдэггүй, шүүмжлэлтэй санагддаг зүйл маш олон шүү дээ. Нэг нэгээр нь барьж аваад шийдье л гэж бодож байна. 

-Таны хувьд Сангийн яаманд 16 жил ажилласан туршлагатай. Тийм учраас энэ талаар урт хугацааны мэдээлэлтэй байх учиртай. Өмнөх долоон жилд бид яагаад зээлийн хүүг бууруулж чадаагүй юм бэ. Эс үйлдэхүй хийсэн юм биш биз дээ? 

Өмнөх долоон жил гэлтгүй үе үеийн сайд, удирдлагууд гэрээний тодорхой асуудлыг шийдэхээр оролдож ирсэн. Би нэг зүйлийг баттай хэлнэ. Тэнд орж ажилладаг хүмүүст эс үйлдэхүй хийх юм уу хайнга хандах асуудал хэзээ ч байгаагүй. Бүгд боломж бололцоогоороо хичээж ажилладаг байсан. Нөхцөл байдал нь ч өөр байлаа. 10 жилийн дараа бидний шийдвэрийг хүмүүс шүүмжилж ч мэднэ. Тухайн цаг үеийн нөхцөл байдал, баг хамт олны ур чадвар зэрэг нөлөөгөө үзүүлж явдаг. Би одоо ч мэдэрч байна. Юу гэхээр, манай “Эрдэнэс оюу толгой” компанийн чадавхын асуудал чухлаар тавигддаг. Бид олон их наяд төгрөгийн өгөөж авчрах тухай яригдахад чухал үүрэгтэй энэ компанийг чадавхжуулахад анхаарах шаардлагатай. Үнэхээр нөгөө талд маш өндөр түвшний баг ажиллаж байна. Гэтэл манай талд гэхээр жишээ нь Английн хуулиар мэргэшсэн хуульч 2009 онд хэд байв, одоо хэд байгаа билээ дээ.

-Дахин асуухад, дараа жил ноогдол ашиг авах уу. Энэ нь гэрээгээрээ яаж зохицуулагдах билээ. Уг нь ирэх жил төслийн хувьд санхүүгийн өндөр өгөөжтэй гэгдэж байна?

Авна л гэж үзнэ дээ. Нэг зүйлийг онцлох хэлэхэд, Монголын тал хэнд ч, ямар ч өргүй. 2022 онд 2.3 тэрбум ам.долларын өр байсныг тэглэсэн. Тийм учраас өнөөдөр ноогдол ашиг ярьж байгаа. Анхны гэрээгээр энэ 2.3-ыг, дээрээс нь одоогийн баланс дээр байгаа 18 тэрбум ам.долларыг төлнө, тэгээд ашигтай ажиллаж байж ноогдол ашиг авна гэсэн тохироотой явсан. 

Харин одоогийн байдлаар үндсэн болон хуримтлагдсан хүүгийн 18.7 тэрбумын өр байна. Энэ бол “Оюу толгой” ХХК-ийн өр. Үүнээс “Рио Тинто”-д төлөх өр нь 15.4гаруй тэрбум ам.доллар. Өдөр бүр хүүд төлдөг гэх 15 сая ам.долларын тухайд, баланс дээр хуримтлагдаж байгаа дүнг өдрийн дунджаар хуваахаар гарч байгаа. Энэ бол балансаар бүртгэгдэж байгаа болохоос өдөр бүр данснаасаа шилжүүлж төлж байгаа гэсэн ойлголт биш. Харин Монгол Улс хэн нэгэнд өртэй юм бол байхгүй. Ирэх жилээс том бүтээн байгуулалтаа дуусгаад илүү том мөнгөн урсгал руу орно. Тийм ч учраас ноогдол ашиг ярих бололцоотой болж байна. Дахиад хэлэхэд, одоо хүчин төгөлдөр байгаа сүүлийн 15 жил хүчин төгөлдөр үйлчилсэн гэрээгээр энэ бүх өр зээлийг төлж дуусаж байж ноогдол ашиг авах заалттай. 

-Сая гэрээнд энэ агуулгаа өөрчлөх боломж байгаагүй юу?

Ногдол ашиг авахын тулд өмнөх тодорхой асуудлаа шийдэхгүй, дараад байж болохгүй. Үл ойлголцол, маргаантай байна гэдэг асар их зардалтай, цаг хугацаа авдаг. Тийм учраас юуны өмнө зээлийн хүүг буурууллаа, гурван жилийн дараа энэ талаар дахиад ч ярья гээд тохирчихлоо. SOFR + 4% бол өнөөдрийн байдлаар Монгол Улсад Засгийн газраас өөр хэний ч босгож чадахгүй бага хэмжээний хүү. 

Нөгөө талаас, зөвхөн ноогдол ашигт найдах биш өгөөж хүртэх өөр ямар боломж бидэнд байгааг харах ёстой. “Рио Тинто” өөрийнхөө 66 хувь эзэмшдэг “Оюу толгой” ХХК”-д их хэмжээний мөнгө зээлчихсэн байна. Нэг талдаа энэ давхар санхүүгийн бизнес хийгээд байгаа мэт монголчууд харддаг. Тийм бол бид ч бас яагаад тэгж болохгүй гэж. Манай “Эрдэнэс оюу толгой” ХХК хямд эх үүсвэр босгож, “Оюу толгой” ХХК-д зээлж, хүүгийн орлого хүртэж болох юм биш үү. Өнөөдөр 2009 он биш, 2015 он ч биш шүү дээ. Би бол боломжтой гэж харж байна. 

-“Оюу толгой” ХХК-ийн санхүүжилтийн тэдэн хувийг манай талаас зээлээр санхүүжүүлнэ гэх маягаар уу?

Бид хувь нийлүүлэгчийн хувьд хямд эх үүсвэр олно гэсэн үг. Үүнийгээ Монголын банкнуудаар дамжуулан босгож, ам.долларын урсгалыг нэмэх боломж ч бий. Нэг ам.доллар манай улсад нэг хоноход л ашигтай шүү дээ. “Оюу толгой” ХХК-даа ч санхүүгийн өртөг зардал буурах ашигтай. Би ирсэн цагаасаа хойш санхүүгийн зардлыг бууруулах чиглэлд хамтарч ажиллая гэдэг асуудлыг тавьсан. Гэхдээ мөн л нэг өдөрт шийдчихдэг асуудал биш. Ер нь “Эрдэнэс оюу толгой” ХХК өөрөө ийм боломжуудыг эрэлхийлэх ёстой. Бухын доодхыг харж үнэг турж үхэхийн үлгэрээр биш, ганцхан ноогдол ашиг хүлээх биш, үр өгөөж хүртэх бусад боломжуудыг бий болгохын төлөө сэтгэх шаардлагатай. Эцсийн үр дүндээ “Оюу толгой” ХХК-ийг зардал бага, ашиг өндөр ажиллуулж, бидний өгөөж нэмэгдэх учиртай. 

Ер нь цаашлаад урсгал зардлын, төсвийн хэмнэлт гэдэг зүйл ярья ч гэж санал тавьсан. “Оюу толгой” төсөл өөрөө хэмнэлттэй болох хөтөлбөрүүд хэрэгжүүлье гэдэг дээр яриа хэлэлцээ явж байна. Бид Монгол Улсын төсвийг, ТӨХК-иудыг л яриад байдаг. Яагаад “Оюу толгой” зардлыг оновчтой, илүү үр ашигтай, хэмнэлттэй болгох тухай ярьж болохгүй гэж. 

Бид цаашдаа Оюу толгойг зүгээр нэг төсөл биш тогтвортой бизнес гэж харах цаг нь ирсэн. Үүний тулд төслийн мөнгөн урсгал, өгөөж харилцан ашигтай хуваарилагддаг байх шаардлагатай. 

-Хэмнэхээс гадна, төсвийн зарцуулалтыг манай тал ер хянаж чаддаггүй гэдэг л дээ? 

Зардлын хяналт гэдэг бол хэд хэдэн түвшний асуудал юм. Компанийн засаглалтай холбоотой. ТУЗ-ийн, компанийн өөрийнх түвшинд, хөндлөнгийн аудитын гээд хяналтууд бол байна. Үүнд хэд хэдэн зүйл бий. “Рио Тинто” ба “Оюу толгой” ХХК хоорондын буюу харилцан хамааралтай талууд хоорондын зардал бодитой байгаа эсэх. Хоёрдугаарт, бусад туслан гүйцэтгэгч компаниудын зардал бодитой эсэх. Гол эрсдэл эхнийх дээр явдаг. Энэ ч агуулгаараа арбитр дээр явж байгаа татварын актын үлэмж хэсэг нь “Рио Тинто” ба “Оюу толгой” ХХК хоёрын гүйлгээнд хамаардаг. Миний хувьд ТУЗ-ийн гишүүнээр ирээд, энэ хэсэгт анхаарах зорилт тавьсан. 

Б.Тэлмүүн: “Онтрэ”-гийн захиралтай уулзсан, лицензийн асуудлыг зөвхөн УИХ шийдэх ёстой

-ТУЗ-ийн талаар хожим нь асууна, уучлаарай. Түүнээс өмнө, манай тал хэлэлцээрт нөгөө талыг буулгаж авахдаа зөрүүлээд “Онтрэ”-гийн хоёр лицензээ тавиад туучихсан юм биш биз гэсэн хардлага байна. “Онтрэ”-гийн захирал Крис Адамсын хувьд лиценз шилжүүлэхтэй холбоотой татвараа төлчихсөн, ажил урагштай байна гэж мэдэгдсэн шүү дээ?

Товчхон хэлэхэд тийм юм байхгүй, тэгэх боломжгүй. Стратегийн орд газрын лицензийн асуудлыг УИХ шийдвэрлэнэ. Ийм том асуудлыг хэн нэгэн хүн УИХ-ын урдуур орж үүрэг амлалт өгөх байдлаар шийдэх ямар ч боломж байхгүй. 

-Хэлэлцээний үеэр амаар тохирдог зүйлс байдаг. “Онтрэ” дээр бол бид ер нь ингэж чадна гэх мэтчилэн?

Тийм юм байхгүй. “Онтрэ”-гийн талбайг ашиглах ёстой, баялгийн санд өгөөжийг нь оруулах ёстой гэдэг үнэн. Хэзээ, яаж вэ гэдэг бол УИХ-ын бүрэн эрх. О.Батнайрамдал гишүүний ахалсан Улсын Их хурлын сонсголоор олон мэдээлэл ил болсноос гадна “Онтрэ”-гийн асуудлаар цэг тавьсан гэж хардаг. Бүх талууд энэ асуудал УИХ-аар орно гэдэг дээр нэгдсэн ойлголттой болсон. Би өчигдөр тэр “Онтрэ”-гийн захиралтай уулзсан. Юу яриад, ямар мэдэгдэл гаргаад байгаа юм бэ гэдэг асуудлыг тавьсан. 

-Татварын ерөнхий газраас нэхэмжлэх үүсгэж байж төлдөг биз дээ. Яагаад тэгвэл “Онтрэ” өөрсдөө түрүүлээд татвараа төлчхөж байгаа юм бэ? 

Хуулиар лиценз шилжүүлэх процесс ойлгомжтой байдаг. Татварын албаны баталгаажуулалтын бүртгэлээр үе шатууд үргэлжилнэ. Тэдний талаас лиценз шилжүүлэх хүсэлтээ бол өгсөн юм байна. Тэр хүсэлтийнхээ дагуу, холбогдох татвараа 25 тэрбум гэж өөрсдөө тооцож бодоод төлөх хүсэлт өгснийг татварын алба буцаасан байна. Өөрөө татварын нэхэмжлэх үүсгэж төлөх боломж байдаг л даа. Тэгсэн л юм байна. Би уулзсан. Юу болоод байгаа юм бэ гэж асуусан. Бид бол хүсэлтээ өгсөн, татвараа төлөх ёстой гэж ойлгосон, өөрсдийн бодсон дүнгээрээ шилжүүлчихсэн гэж ярина лээ. 

Мэдэгдлийнхээ хувьд, нээлттэй хувьцаат компани учир хуулийнхаа дагуу хувьцаа эзэмшигчдэдээ иймэрхүү мэдээллүүдээ тайлагнаж байх ёстой гэсэн. Ажил урагштай байна гэснийхээ тухайд, энэ нь “Онтрэ”-гийн хувьд болохоос лиценз шилжүүлэх яриа хэлэлцээний агуулга биш ээ гэсэн. Түүнээс энд ямар нэг амлалт өгөөд, амаар тохироод байгаа зүйл огт байхгүй. Үүнийг би хариуцлагатайгаар хэлж байна. “Онтрэ”-гийн асуудлыг УИХ-аар оруулж шийднэ. 

-Дараагийн чухал сэдэв бол, арбитрын шүүх хурал болчихсон, хариугаа хүлээж байна. Энэ маргаанд манай тал ялбал яах вэ. Авах татвар маань өсөөд явна гэж ойлгож байгаа. Харин ялагдвал яах вэ? 

Нийт гурван удаагийн татварын акт арбитрын шүүхэд хэлэлцэгдэж байгаа. Актаас гадна Монголын талын сөрөг нэхэмжлэл ч очсон байдаг. Шийдвэр гараагүй байхад талууд байр суурь илэрхийлэх боломжгүй болов уу. 

-Ер нь энэ шийдвэрээр бүх зүйл эцэслэгдэнэ? 

Миний ойлголтоор арбитрын шийдвэр эцсийнх. Шийдвэр гарсны дараа энэ талаар ярьсан нь зүйтэй болов уу. 

-Түгшүүртэй сонсогдож байна. Яагаад гэвэл, татварын маргаан дээр гарч байгаа мөнгөн дүнг манай дундын дансанд байршуулчихсан байсныг бид аваад идчихсэн шүү дээ. Ялагдвал түүнийг төлнө шүү дээ.

Яах вэ, шийдвэр гарсны дараа л олон зүйл тодорхой болно. Дахиад л тодорхой хэмжээнд яриа хэлэлцээ үүсэх байх. 

-Зэсээс бусад бүтээгдэхүүнд бас татвар төлөх эсэх нь шийдэгдэнэ, тийм үү? 

Дубайн гэрээгээр зөвхөн алт, зэс, мөнгөнд АМНАТ төлнө гэж заалт орсон. Ингээд маргаан үүссэн. Монголын тал баяжмалд байх бүх илэрц дээр АМНАТ төлөх ёстой гэсэн байр суурь илэрхийлж байгаа. Тэгэхээр энэ арбитрын маргааны нэг хэсэг мөн. 

-Ер нь баяжмалд хэдэн төрлийн түүхий эд байдаг юм бэ?

Олон л доо. Ярьж болох хэмжээ маань ийм байна. Шийдвэр гарсны дараа тухайн шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх вэ, өмнөх өр төлбөрүүдийг яах вэ гээд явна. Мэдээж манай тал 100 хувь ялчихвал ямар ч асуудал гарахгүй. Одоо тааж яриад яах вэ.

-Татвар ярьсных, Оюу толгойн гэрээ зураад 17 жил болчихлоо. Энэ хугацаанд 25 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн гэдэг. Гэтэл Монгол Улсад ААНОАТ төлөөгүй. АМНАТ-ийг 5 хувиар л төлдөг. Гэтэл “Эрдэнэт үйлдвэр” 19 хувиар төлж байгаа. Энэ шударга уу? 

Мэргэжлийн тайлбар өгөхөд, ААНОАТ-ыг ашгаас төлдөг. Харин ашгийг зардлаа хасаж тооцдог. Мөн хуримтлагдсан элэгдлийг хасдаг. Энэ бол дэлхий нийтийн жишиг. Гуравдугаарт, 2009 онд хэрэгжиж байсан хуулиар, Монгол Улсад их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бол татварын хөнгөлөлт эдэлнэ гэж заасан байсан. Дөрөвдүгээрт, өмнөх жилүүдийн алдагдлыг ирээдүйд шилжүүлэн нөхөж боддог. Эдгээрийн дараа ашигтай гарвал тэр ашгаас ААНОАТ-ыг төлнө гэсэн үг. Тэгэхээр энэ тооцоогоор ААНОАТ төлөөгүй явсан байдаг, удахгүй төлж эхэлнэ. Татварын байгууллагын чиг үүрэг бол энэ татварын тооцооллыг хянах, баталгаажуулах. Татвараас зайлсхийх эрсдэлүүдийг хаасан дүрмүүд бий, үүнийг хэрэгжүүлээд явж байгаа. 14 их наяд төгрөгийн зөрчил арбитр дээр явж байгаа. 

-Ялбал АМНАТ 5 хувиараа байх уу? 

Тэгнэ, АМНАТ-ийн хувь хэмжээ хөрөнгө оруулалтын гэрээгээрээ явна. 

-Ялаасай гэж улс орноороо залбираад суух хэмжээний л асуудал юм. 

Бүхий л төрийн байгууллага чадлаараа оролцон тайлбараа өгөөд явсан. Шийдвэр яаж гарахыг тааж хэлэхэд эрт байна.

-3 их наядын ноогдол ашгийг иргэн бүрд тараах нь зөв үү. УИХ-ын асуудал мөн. Гэхдээ таны хувьд? 

Би Монгол Улсын иргэнийхээ хувиар өгөөж хүртэхийг мэдээж хүснэ. Харин миний, манай компанийн ажил бол Оюу толгойн үр өгөөжийг нэг өдрийн өмнө, нэг ам.доллароор ч болов илүү олж Баялгийн сан, Монгол Улсын сан хөмрөгийг арвижуулах. Тиймээс УИХ-ын түвшний асуудалд байр суурь илэрхийлэх боломжгүй. Иргэний хувиар улс орны хөгжил дэвшилд зарцуулагдаж байвал л оновчтой шүү дээ.

-Нэг асуудал сөхмөөр байна. “Эрдэнэс оюу толгой” ХХК руу “Оюу толгой” ХХК-иас шилжсэн 20 сая ам.доллар маргаан дагуулж байгаа. Ажилтнуудыг чадавхжуулах агуулгатай гэж ойлгосон. Энэ 20 сая ам.доллар яг юунд зарцуулагдсан юм бэ?

Намайг ажлаа авахаас өмнө болсон асуудал. “Эрдэнэс оюу толгой” ХХК-ийн чадавхын асуудал яах аргагүй олон жил яригдаж ирсэн. ТУЗ-ийн гишүүн ганцаараа тэр багтай мэргэжлийн түвшний тооцоо судалгаа хийж дүгнэлт гаргах амаргүй. Тиймээс УИХ-ын 92-р тогтоолд ч компанийг чадавхжуулах энэ агуулга дурдагдсан байдаг. 20 хүртэлх сая ам.долларыг манай талын компанийг чадавхжуулахад зарцуулах тухай шийдвэр гарсан. Яг бодитоор 18 сая гаруй ам.доллар зарцуулагдсан байдаг юм байна. Энэ санхүүжилтээс “Эрдэнэс оюу толгой” ХХК өөрийн ажилтнууддаа тодорхой хэмжээнд зарцуулсан, чадавхжуулсан, өөрийн гэсэн компанийн байртай болсон. Энэ байр эцсийн эцэст төрийн л өмч шүү дээ. Тухайн цаг үед хэлэлцээ маргаанд дэм тус болох чиглэлээр ч зарцуулагдсан. Би зөв буруу байсан эсэх дээр дүгнэж хэлэх үг байхгүй. Өмнөх асуудлууд гэхээсээ урагшаа харж ажиллах тал дээр цагаа зарцуулах бодолтой байна. Хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа зүйл дээр хоёулаа үнэлэлт дүгнэлт өгөх зохимжгүй байх. 

-Ер нь “Эрдэнэс оюу толгой” ХХК-д 20 гаруй хүн ажилладаг, байх шаардлагатай ч юм уу гэж шүүмжилдэг хүмүүс бий. 

Бид Монголын талын 34 хувийн өгөөж, хөрөнгийг манах, хойноос нь хяналт тавих, арвижуулах чиг үүрэгтэй ажил хийдэг. Гэхдээ дангаараа Оюу толгой төсөлтэй холбоотой шийдвэр гаргадаггүй. Шийдвэр “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ дээр гардаг учраас түүнд байх “Эрдэнэс оюу толгой” талын гурван гишүүн чухал нөлөөтэй. Манай компани байхгүй байлаа гэхэд хэн энэ ажлыг хийх вэ. Манай төрийн байгууллагууд хийх үү, эсвэл ТУЗ-д Монголыг төлөөлөн сууж байгаа гуравхан хүн хийх үү. Монголын ард түмнийг төлөөлөх хэмжээний мэдлэг туршлага, харилцаа, өгөөж тооцоолол, урт хугацааны ой санамж гэдэг зүйл энд яригдаж байна. Гэтэл бидний өөдөөс хараад “Рио Тинто” гэдэг аварга компани сууж байна. Тийм учраас маш өндөр түвшинд, мэргэжлийн байх ёстой. Миний хувьд “Эрдэнэс оюу толгой” ХХК-ийг мэргэжлийн, менежментийн компани болж хөгжих ёстой гэж хардаг. 

Эрдэнэс оюу толгой цаашид Рио тинто, Оюу толгойн түншлэлийн том давуу талаа ашиглаад Монголын олон олон зэсийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд мэдлэг, туршлага, техникийн дэмжлэг үзүүлдэг, хамтарч ажилладаг, бүр санхүүжилт босгоод, хөрөнгө оруулаад ч явдаг бүхий мэргэжлийн баг бол болж хөгжих ёстой.

Б.Тэлмүүн: Оюу толгойн ТУЗ-ийн дэргэдэх Аудитын хороог Монголын тал ахлах тохиролцоо хийгдсэн

-Монголын талыг ерөөсөө гурван хүн л “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн болж төлөөлдөг. Гэтэл асуудлыг олонхоор шийдээд явчих тал бий. Та бол ТУЗ-ийн гишүүн, та бүгдийн ажлын үр дүнг юугаар хэмжих вэ. Томилогдоод гурван сар болж байгаа? 

Энэ маш өндөр хариуцлагатай ажил. Өнгөрсөн гурван сарын хугацаанд 6:3-ын харьцаатай ч гэсэн аль болох ойлголцохыг хүсдэг хандлага ажиглагдсан. Нэг дугаар асуудал бол Монгол Улсад ирэх өгөөж. Энэ талаа харж л бүх шийдвэрээ гаргана. Мөн улсын эрх ашигтай холбоотой, монгол ажилчдын, орон нутгийн, усны, байгаль орчны гээд олон асуудал бий. Энэ бүгдэд эх орноо төлөөлж дуугарах ёстой. Энэ ажлаа хийхэд маш олон боломж байна гэж харсан. 

Зүгээр улиралд нэг удаа хуралддаг, жижиг хувьцаа эзэмшигчийн гурван төлөөлөл төдий нөлөө байх ёсгүй.Миний хувьд өөрсдөө маш их санаачилгатай ажиллах ёстой гэж харж байна. Засаглалыг сайжруулах тал дээр үгээ хэлдэг байх ёстой. Мөн “Оюу толгой” ХХК-ийнтөсөвт маш сайн хяналт тавих ёстой. Нийгэм, эдийн засгийн асуудалд өөрсдөө тугаа барьж гүйдэг байх ёстой. Түүнээс, менежментээ тэд хийдэг, бид шүүмжилдэг төдий байж болохгүй. Энэ чиглэлээр тодорхой үр дүн гарч болдог юм байна гэдгийг харсан. 

Тухайлбал, ТУЗ-ийн дэргэдэх хороо шинэчилье гэдэг санал тавьсан. Харилцан хамааралтай этгээдүүдийн асуудлаар буюу “Рио Тинто” “Оюу толгой” ХХК-ийн хоорондын ажил гүйлгээний асуудлын хүрээнд. Ингээд тусдаа хороо байгуулж хараахан чадаагүй, гэхдээ аудитын хороог энэ агуулгаар өргөжүүлж, уг хороог өөрсдөө ахлахаар “Рио Тинто”-гийн талтай ойлголцсон. Цаашид зөвхөн энэ хороогоор хязгаарлахгүй, ер нь нийт байгаа дөрвөн хороог хоёр хоёроор нь хувааж удирдъя гэдэг дээр ч харилцан зөвшөөрсөн. Хороогоо удирдана гэдэг илүү их мэдээлэлтэй танилцахаас гадна шийдвэр гаргалтад өндөр нөлөөтэй оролцоно. УИХ-аар бол Байнгын хорооны адил бүтэц учир. Оюу толгойн аливаа асуудлаар ажил хэрэгчээр, мэргэжлийн болон харилцан итгэлцэж, хамтран ажиллаж хандахаар ойлголцоод явах бүрэн боломжтой гэж бодож байна. 

-Харилцан хамааралтай этгээдийн гүйлгээ бүрийг хянах уу? 

Бодлогын хувьд анхаарлын төвд аваачна, зохистой байлгах гэж хичээнэ. Гүйлгээ бүрийг гаргаж ирж ноцох нь юу юм. Дараа нь “Оюу толгой”-н төсвийг ид хэлэлцэж байна. Төсөв өөрөө хэмнэлттэй байх, зардлаа бууруулах ёстой. Би Сангийн яаманд Төсвийн бодлогын газар олон жил ажилласан учир төсвийн хэмнэлт, зардал оновчтой, үр ашигтай байх гэдэг агуулгыг идэвхийлэн ярьж байна л даа. Ирэх жилүүдийн төсөвт олон тэрбум төгрөгийн хэмнэлт гаргах хөтөлбөрүүдийг Мөнхсүх захиралтай ярьж байна. Мэдээж уул уурхай учраас зардлыг бүтээлчээр хэмнэхгүй бол эрсдэл их л дээ. Дараагийн асуудал бол ил тод байдал юм. ТУЗ-ийн хурал дээр ил тод байдалтай холбоотой тогтоол санаачилна. Ер нь ил тод болох ёстой. Нөгөө талдаа манай “Эрдэнэс оюу толгой” өөрөө Оюу толгойн талаарх бүх мэдээллийг дамжуулдаг, ил тод байдлын гүүр болох ёстой. За, санхүүгийн зардлыг бууруулах тал дээр тасралтгүй шахах ёстой. Ойлголцоод явж буй асуудлууд бий. Хоёрдугаарт, Ханбогдын асуудал. Ханбогдыг эдийн засгийн төвлөрөл үүссэн том хот болохын эхлэлийг бид бодлогын түвшинд тавих ёстой. Дараагийн Эрдэнэт хот шиг бүтэц болгох чиглэлд явах учиртай. 

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг дагаад хот боссон. Гэхдээ Ханбогдыг заавал тэгэх шаардлага байна уу гэж харах хэсэг бий юм билээ?

Бизнес талаасаа тийм. Гэхдээ би Монголын талыг төлөөлж буйн хувьд Ханбогдод төвлөрөл үүсдэг,хөгжлийн бүтэц байх ёстой гэж хардаг. 10-20 жилийн дараа энэ олон маргаанууд дуусчихсан, өгөөжөө тэнцвэртэй өгдөг зүгээр нэг төсөл биш тогтвортой бизнес болсон байна. Мэдээж тэнд ажилладаг мэргэжлийн чадвартай монгол залуусыг бид ярих ёстой. Жишээ нь Ил уурхай дээр дандаа монголчууд ажиллаж байна. Том том түвшинд, монгол залуучууд үнэхээр мэргэжлийн өндөр түвшинд ажиллаж байгааг бид бахархах ёстой. Энэ бол яригдах ёстой л сэдэв. 

-Цалингийн зардлын бүтцийг харахаар гадаад ажилтнууд цөөн ч гэлээ үлэмж өндөр цалин авдаг гэдэг? 

Манай талаас ярих ёстой асуудлуудын нэг мөн л дөө. Үйлдвэрчний эвлэл бий, ирэх жил энэ хэлэлцээр явах юм билээ. Цалингийн асуудал их эмзэг. Гэхдээ Оюу толгойд ажилладаг монголчууд бас ч гэж муу цалин авдаггүй. Гадаадын ажилчдаас бага уу, үгүй юу гэдгийг ярих нь зөв. 10 жилийн өмнөхийг бодвол юм маш их өөрчлөгдсөн. Олон монголчууд өөрсдөө гадаадад очиж экспат болдог болчихжээ. Тэгэхээр төсөл өөрөө ямар амжилттай явж байгааг санхүүгийн өгөөжөөс гадна жишиг тогтоож байна гэдгээр үнэлж чаддаг байх хэрэгтэй. Оюу толгойн хувьд уул уурхай, технологи, аюулгүй байдал, ажилчдын ур чадвар гэх эерэг амжилттай олон зүйлс байгааг бид бага ярьдаг шиг санагддаг. 

-Гэхдээ бахархлыг олон жил ярьсан уу ярьсан. Гэрээгээ дорвитой өөрчлөх л чухал гэж харагддаг. 

Өгөөжийн тал дээр мэдээж маш их зүйл ярина. Цаашид ч ярих зүйл олон байгаа. 

-Хувь нийлүүлэгчдийн гэрээнд Монголын тал “Оюу толгой” төслийн эрчим хүчийг хангах агуулга туссан байдаг. Гэтэл БНХАУ-ын хөрөнгө оруулалттай, MCS-ийн хамтарсан төсөл аукционд шалгарчихлаа? 

Оюу толгойн хувьд нэг өдрийн өмнө ч болов нэг к.ватт цагийг бага зардлаар авч байвал сайн. Хоёр тал өөрсдөө цахилгаан станцаа барих асуудлаар ажилласан уу ажилласан. Монголын тал станцаа хэрэв барьчихвал “Оюу толгой” авахад бэлэн байдаг. Асуудал Оюу толгой талдаа байна уу, нөгөө талдаа юу гэдэг л байна л даа. Хэрэвзээ Тавантолгойн ЦС-ыгбарьсан бол урагшаа гарч байгаа маш их мөнгө Монголдоо үлдэх л юм. Нэг өдрийн өмнө ч гэсэн монголчууд найдвартай эх үүсвэрээ бэлдчихвэл Оюутолгой заавал гаднаас авах шаардлагагүй. Мэдээж хэрэг, Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яамны салбарын том бодлогын асуудал бол тусдаашүү дээ.

 

-Ярилцсанд баярлалаа. 

 

Эх сурвалж: Urug.mn