ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧ ИМПОРТЛОХ 220 КВ-ЫН “ЗЭС-ОЮУ” ИЛ ХУВААРИЛАХ БАЙГУУЛАМЖ АШИГЛАЛТАД ОРЛОО

ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧ ИМПОРТЛОХ 220 КВ-ЫН “ЗЭС-ОЮУ” ИЛ ХУВААРИЛАХ БАЙГУУЛАМЖ АШИГЛАЛТАД ОРЛОО

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх, өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангахад дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой “Зэс-Оюу” 220 кВ-ын ил хуваарилах байгууламжийг өнөөдөр (2026.08.03) Өмнөговь аймаг дахь Оюутолгойн уурхайн цогцолборт ашиглалтад орууллаа. 

“Оюутолгой” компанийн хөрөнгө оруулалтаар барьсан эл байгууламж нь Монгол Улсын төвийн эрчим хүчний системийг Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ы эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллагаанд залган ажиллах техникийн боломж бүрдүүлж буй. Ингэснээр өвлийн оргил ачааллын үед 80 МВт хүртэлх цахилгааныг ӨМӨЗО-оос нэмж импортлон, өмнөд бүсийн зарим хэрэглэгчийг хангаснаар төвийн бүсийн эрчим хүчний системийн ачаалал буурна.

 220 кВ-ын зургаан оруулгатай, гурван км урт цахилгаан дамжуулах агаарын шугамын хамт барьсан энэхүү иж бүрэн байгууламж нь Оюутолгойн уурхайн цахилгаан хангамжийг Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системтэй холбох дэд бүтэц юм.

“Зэс-Оюу” ил хуваарилах байгууламжийн төслийг Эрчим хүчний яам, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК, “Оюутолгой” ХХК, “Өвөр Монголын Эрчим хүчний групп” компани болон дотоодын гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд, мэргэшсэн багуудын хамтын ажиллагааны үр дүнд ийнхүү амжилттай хэрэгжүүллээ. Бүтээн байгуулалтын ажилд үндэсний 20 гаруй компани, 2000 орчим инженер, техникийн ажилтан оролцжээ.